Үйл явдал2 мин унших
Дулааны IV цахилгаан станцад ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.04.17) Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхантай Дулааны IV цахилгаан станцад ажиллалаа.
Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49.0 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.2 хувийг ханган ажилладаг бөгөөд системийн оргил ачааллыг үүрч, стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг.
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудаа хэрхэн эхлүүлээд байгаагаа болон өнөөгийн ажиллаж байгаа хүчин чадал, цаашид зайлшгүй хийгдэх ёстой хөрөнгө оруулалтын саналаа Ерөнхий сайд Н.Учралд танилцуулав.
Цахилгаан станц өндөр хүчин чадлаар ажиллаж, 33 тэрбум төгрөгөөр импортлох байсан эрчим хүчийг 15 тэрбумаар нийлүүлэн, бодит хэмнэлт хийсэн, дизель түлшийг урьдчилан хангалттай нөөцөлсний улмаас үнийн савлагаанд өртөх эрсдэлийг бууруулсан зэрэг амжилттай байгаа аж.
Түүнчлэн нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. 2025 онд тус байгууллага цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Дулааныг үйлдвэрлэсэн өртгөөсөө багаар нийлүүлэх бодит шаардлагын улмаас нийт дүнгээр 30.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тарифын бодлогыг өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг байгууллагын удирдлагууд онцолсон бөгөөд хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2027 онд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоолол гарсныг хэллээ.

Мөн өнөөдрийн байдлаар 260 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй ба төлөлтөө хойшлуулах хүсэлтийг Хөгжлийн банканд өгчээ. Эрсдэлийн үнэлгээгээр 504.4 тэрбум төгрөгийн засвар шаардлагатай. Цаашид өвлийн оргил ачааллыг найдвартай давахын тулд санхүүжилтийг шийдвэрлэж, засвар шинэчлэлээ эрчимжүүлэх ёстой аж.
2026-2028 онд эрчим хүчний компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулж, урт хугацааны зээлийг хэвийн болгосноор 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй ажиллах нөхцөлд хүргэнэ. Зөвхөн засваруудаас гадна шинэ эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийг дэмжинэ. Тэгж байж бид өвлийг өнтэй сайхан давдаг болно, гадаад дотоодын аливаа гэнэтийн эрсдэлд сандарч тулгамдахгүй болно, эдийн засгийг тэлэх шинэ төслүүдээ эхлүүлж болно. Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилж, бодит өртөгт ойртуулан, цаашид инфляц, түлш, валютын хөдөлгөөнтэй уялдуулан индексжүүлсэн тогтолцоонд шилжүүлнэ.

Эцэст нь хэлэхэд, гал манаж гэрэл түгээж буй та нартаа баярлалаа. Хариуцлагатайгаар өдөр, шөнөгүй ажиллаж буй та бүхнийг Засгийн газар ойлгож, дэмжих болно. Ажлаа хариуцлагатай хийж байгаа хэнийг ч халж солихгүй” гэв. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарыг хүнд суртал, хаалттай байдал, урт болон богино хугацаанд үүссэн өр төлбөрүүд, засаглалын хямрал, үр ашиггүй байдлаас чөлөөлөхөөр ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
