Байр суурь1 мин унших
Б.Мөнхсоёл: Ипотекийн зээлийн гажсан бодлогыг хэрхэн засаж, сайжруулах вэ?
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын асуулгын цаг болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Ерөнхий сайд Н.Учралд дараах асуултыг тавьж, байр сууриа илэрхийлэв.
Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо маш олон байгаа. Үүнийг бүгд мэднэ. Өнөөдөр иргэд 2-оос дээш жил ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ хүлээж, зарим нь аргаа бараад хээл хахууль өгөх шинжтэй. Ийм иргэдийн гомдлууд байна. Статистик тоонуудаас харахаар нийт ипотекийн зээлдэгчдийн 22% буюу 28167 иргэд 5 сая буюу түүнээс дээш орлоготой иргэд байгаа.
Ипотекийн зээлийн анхны бодлого болох бага дунд орлоготой иргэдийг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах, орон сууцжуулах гэсэн зорилгоосоо гажчихсан байдалтай байгаа. Өндөр орлоготой иргэдийн хувьд арилжааныхаа банканд хандаад ипотекийн моргажийн зээл авах ийм боломж бий. Хэрэвзээ ипотекийнхаа зээлийн журмынхаа дагуу 80м2 хүртэл талбайтай анх удаа орон сууц авч байгаа ийм иргэддээ энэхүү зээлийг олгосон бол 11526 иргэдэд 2,12 их наяд төгрөгийн зээл олгох ийм боломж байсан.

Энэ хэрээр Улаанбаатар дахь яндангийн тоо цөөрөх, орон сууцын хангалт сайжрах ийм боломж байжээ. Ийм алдагдсан боломжийн өртөг бий болжээ. Ерөнхий сайд та ипотекийн зээлийн тогтолцооны хэрэгжиж байгаа өнөөгийн байдалд хэр их сэтгэл хангалуун байна? Энэ бодлогын гажуудлыг хэрхэн сайжруулж, ямар арга хэмжээ авах бодлоготой байгаа вэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа

