Үйл явдал2 мин унших

Д.Батлут: :Эрхэм генералууддаа баярын мэнд хүргэе!

Д.Батлут: :Эрхэм генералууддаа баярын мэнд хүргэе!

Эрхэм генералууд аа!

Эх орныхоо амар амгалангийн манаанд зогсож буй офицер, ахлагч нар аа!

Та бүхэндээ Монгол Улсад цэргийн дээд цол  “Генерал” цол олгож эхэлсний түүхт 82 жилийн ойн баярын мэндийг Батлан хамгаалах яамны нэрийн өмнөөс болон сайдын хувиар өргөн дэвшүүлье!

Монголчууд бид эх орныхоо ариун гал голомтыг сахин хамгаалагч цэрэг дайчдаа хүндэтгэн хайрлаж, алтан мөрдэст генералууддаа хүндэтгэл үзүүлдэг төрт ёсны нандин уламжлалтай билээ.  Энэхүү уламжлалын үндэс нь Их Эзэн Чингис хааны үеэс дэлхийн талыг төвхнүүлж, их цэргээ манлайлан удирдсан мянгат, түмтийн ноёд, өрлөг жанждын суу алдраас эхтэй.

Өнөөдөр ч дэлхийн цэргийн урлаг судлаачид Монгол жанждын цэрэг засах хосгүй арга ухааныг шимтэн судалж байгаа нь бидний өвөг дээдсийнхээ суу алдраар бахархах, “Би Монгол хүн” гэж омогших үзлийн дархлаа болдог билээ.

Эдүгээгээс 82 жилийн тэртээ, 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр анхны 11 генерал төрөн гарсан нь Монгол цэргийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 240 цэргийн зүтгэлтэнд генерал хэмээх эрхэм цолыг хүртээсэн бөгөөд энэ нь манай батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил, чадавхыг төр засгаас өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм.

Өнөөдөр манай генералууд эх орноо хамгаалах үндсэн үүргийнхээ зэрэгцээ:

▪️НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааг дэлхийн түвшинд удирдан зохион байгуулж,

▪️Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг төлөвшүүлж,

▪️Цэргийн дипломат харилцаа болон олон талт үүрэг гүйцэтгэх чадавхыг нотлон харуулж байна.

Мөн манай зэвсэгт хүчний эгнээнээс эмэгтэй генерал төрөн гарсан нь батлан хамгаалах салбар хүйс үл харгалзан мэргэжлийн чадвар, зүтгэлийг бодитой үнэлдэг, орчин цагийн ардчилсан арми болсны тод илрэл юм.

Эрхэм генералууд, ахмадууд аа!

Та бүхэн өвөг дээдэс, ахмад үеийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжилж, өдгөө ч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, манай салбарын бодлого, үйл ажиллагааны түшиг тулгуур, үлгэрлэн дагуулагчид нь байсаар байгаад гүнээ талархаж байна.

Та бүхний цэрэг амьдралын баялаг туршлага, цэргийн хэргийн өргөн мэдлэг залуу халааг хүмүүжүүлэхэд дундаршгүй сан хөмрөг байх болно.

Эх орон, төр, ард түмнийхээ итгэл хүндлэлийг хүлээсэн эрхэм генералууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн догшин Их Хар сүлд та бүхнийг үргэлжид ивээж байх болтугай!

Монгол төрийн багана бат бэх байж, Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011