Үйл явдал2 мин унших
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлагаас солилцлоо

БНСУ-ын Санхүүгийн хяналт, шалгалтын байгууллага (Financial Supervisory Service)-аас хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх, санхүүгийн хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалт семинар энэ удаа “Хөрөнгийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо боллоо.
Тус арга хэмжээ нь олон улсын хөрөнгийн зах зээлийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиг хандлагын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх, олон улсын шилдэг туршлага, шинэлэг шийдлийг танилцуулахад чиглэв. Мөн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, бодлого, зохицуулалтын шинэчлэлийн талаар нэгдсэн мэдээлэл хүргэж, оролцогч байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой байлаа.

Семинарт Санхүүгийн зохицуулах хороо болон Өмнөд, Төв, Зүүн Өмнөд Азийн орнуудын зохицуулагч байгууллагуудын төлөөлөл оролцож, виртуал хөрөнгийн зохицуулалтын тогтолцоо, БНСУ-ын крипто зах зээлийн өнөөгийн байдал, хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, үнэлгээний чиг хандлага, зах зээлийн ил тод, шударга байдлыг хангах, шударга бус арилжааг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн Япон Улсад ESG мэдээллийн ил тод байдлын стандартыг нэвтрүүлж буй туршлага, БНСУ-ын компаниудын үнэ цэнийн өсөлт, засаглалын шинэчлэл, цаашдын зорилтыг танилцууллаа. Арга хэмжээний үеэр оролцогчид өөрсдийн орны хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого, зохицуулалтын орчны талаар танилцуулж, харилцан мэдээлэл, туршлага солилцов.
БНСУ-ын Санхүүгийн хяналт, шалгалтын байгууллага нь санхүүгийн салбарын нэгдсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд банк, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаас, хөрөнгө оруулалтын менежмент, даатгалын салбарын үйл ажиллагааны аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн









