Үйл явдал2 мин унших
Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Энэ жил Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байраар урагшилж, дэлхийн 180 орноос 85 дугаарт эрэмбэлэгдсэн нь тодорхой ахиц боловч энэ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө бүрэн хангагдсан гэсэн үг биш юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” хэмээн баталгаажуулсан. Энэхүү эрхийг бодит утгаар нь хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн хараат бус байдал, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй, хариуцлага онцгой ач холбогдолтойг анхаарах нь зүйтэй.
Миний бие Улсын Их Хурлын эмэгтэй гишүүний хувьд энэ өдөр нэг зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэй улс төрчдийг үндэслэлгүйгээр гүтгэх, нэр төрд нь халдах, сошиал орчинд зохион байгуулалттайгаар доромжлох, буллид өртүүлэх хандлага нэмэгдэж байгаа нь зөвхөн хувь хүний асуудал бус, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлд сөргөөр нөлөөлөх хандлага болж байна.
Иймд үнэн бодит мэдээллийг түгээх үүрэгтэй, нийгмийн чиг баримжаа тогтоогч хүч болсон хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа эмэгтэй сэтгүүлч Та бүхэнд:
- Баримтад суурилсан, хариуцлагатай мэдээллийг түгээх,
- Хувь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах,
- Үзэл бодлын ялгааг хүндэтгэх,
- Сошиал булли, гүтгэлэг, ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлэхгүй байх чиглэлд манлайлан ажиллахыг уриалж байна.
УИХ-ын гишүүний хувьд дараах чиглэлд онцгой анхаарч ажиллана.
-Хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, ялангуяа эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх
-Сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх баталгааг хангах
-Иргэдийн мэдэх эрхийг хамгаалсан ил тод, нээлттэй засаглалыг дэмжих
-Сошиал орчин дахь гүтгэлэг, зохион байгуулалттай дайралт, худал мэдээлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох
-Хэвлэл мэдээллийн салбарт ёс зүй, хариуцлагын стандартыг бэхжүүлэх
-Хэвлэлийн эрх чөлөө нь хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйтэй салшгүй холбоотой. Бид хамтдаа энэ зарчмыг хамгаалж, бэхжүүлэх учиртай.
-Үг хэлэх эрх чөлөө баталгаатай, хэвлэл мэдээлэл хариуцлагатай, хараат бус байх нь ардчиллын баталгаа бөгөөд иргэн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах үндэс суурь мөн.