Онцлох мэдээ2 мин унших
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2026-05-10-ний өдөр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтыг нээж Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100”, “Залуу офицерын хөгжлийн жил”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” зэрэг хөдөлгөөн, хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Батлан хамгаалах салбар шат шатны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаагаа уламжлав.

Харин бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
Түүнчлэн тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний шинэчлэл, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалж буй цэрэг, дайчдаараа бахархаж явдгаа илэрхийлээд, Зэвсэгт хүчний алба хаагчид бол Монгол Улсын нэр хүнд, үндэсний аюулгүй байдлын тулгуур багана гэдгийг онцлон тэмдэглэв. Тиймээс ёс зүйг эрхэмлэж, сахилга хариуцлагыг бэхжүүлэн, эв нэгдлээ дээдэлж ажиллахыг захилаа.

Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас анх удаа зохион байгуулсан “Хуурай замын цэргийн бэлэн байдлын сорилт” тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэлсэн цэргийн алба хаагчдад баяр хүргэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улс эх орныхоо бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан ахмад дайчид болон өдгөө зориулж яваа шилдэг алба хаагчдад төрийн дээд одон медаль, батлан хамгаалах салбарын шагналыг гардуулж цаашдынх нь ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.



Эх сурвалж:
Батлан хамгаалах яам
