Онцлох мэдээ2 мин унших
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа хуулийн төслийг танилцууллаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасны 2.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 136 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг нь 805.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Улмаар Монгол Улсын 2024, 2025 оны улсын төсөв, 2026 оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасан нийт төсөл, арга хэмжээний давхардлыг ангилан үзэхэд 2010 оноос хойш төсвөөс санхүүжүүлсэн 522 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг 2026 оны байдлаар 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байсныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Энэ нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үзүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг алдагдуулахын зэрэгцээ цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар нийгэм, эдийн засгийн олон үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, өмнөх төслүүдийн нэмэгдсэн дүнг санхүүжүүлэхэд зарцуулж буй байдлыг залруулах шаардлага үүссэн тул төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөл 4 заалттай бөгөөд заалт тус бүрээр танилцуулав. Үүнд,
1.Төслийн 1 дүгээр заалт нь дотроо таван заалттай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж санхүүжүүлсэн хэдий ч анх батлагдсан төсөвт өртөг нь хүрэлцэхгүй болсон, хугацаандаа ашиглалтад орохгүй зогссон төсөл арга хэмжээнүүдийн талаар судалж, ашиглалтад орохгүй зогссон шалтгаан нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, улсын төсөвт үзүүлж буй ачаалал, дарамт зэргийг тодорхой үзүүлэлт аргачлалын дагуу төсөл, арга хэмжээ бүрээр тус бүр тооцон тайланг 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах;
2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн хэдий ч дуусгалгүй зогсоосон, цаашид улсын төсвийн хөрөнгөөр гүйцээн санхүүжүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн төсөл, арга хэмжээг хувьчлах, дуудлага худалдаагаар төр хувийн хэвшилд шилжүүлэх санал, дүгнэлтийг нэг бүрчлэн гарган 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах
3.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй барилга байгууламж бүхий төсөл, арга хэмжээ хугацаандаа оролгүй саатаж, анх батлагдсан төсөвт өртөг нь өөрчлөгдөж байгаа шалтгааныг судалж, төсөвт дарамт үүсгэж байгаа шалтгааныг арилгах арга хэмжээ авах;
4.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал авах, эрэмбэлэх, төлөвлөх, батлах үйл явцыг бодит цагийн байдлаар харах, ашиглах боломжоор хангах, мэдээллийг нэгтгэсэн системд стандартчилах;
5. Улсын Их Хурлаар улсын жилийн төсөв хэлэлцэн батлах хугацаанд Төсвийн тухай хуулийн 29.4-т заасан систем дэх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүдэд бүхэлд нь харах боломжоор хангах асуудлыг тусгасан гэж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

