Онцлох мэдээ2 мин унших

“Ус хамгаалах соёл, уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

“Ус хамгаалах соёл, уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Ус хамгаалах соёл, уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцож үг хэллээ.
Монголчууд эртнээс байгаль дэлхийгээ шүтэн дээдэлж, усыг амьдралын эх ундарга хэмээн хайрлан хамгаалж ирсэн уламжлалттай. Хөвсгөл нуур бол Монголын байгалийн үнэт өв, олон мянган жилийн түүх, домог, шүтлэгийг хадгалсан ариун дагшин нутаг. Нутгийн иргэдийн тавьсан хүсэлтийг уламжилж Хөвсгөл нуурыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат болгосон нь байгаль, түүх, соёлын өвөө төрийн хэмжээнд хамгаалж буйн тод илэрхийлэл боллоо.
Хөвсгөл нуур нь 2760 км² талбайтай, 262 метрийн гүнтэй бөгөөд Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг бүрдүүлдэг онцгой үнэ цэнтэй нуур юм. Түүнчлэн 12 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 750 гаруй төрлийн ургамалтай, биологийн олон янз байдлаараа дэлхийд үнэлэгддэг. Мөн 2022 онд ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын цогцолборт газар Шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн Монгол Улсын байгалийн өв дэлхийд үнэлэгдсэний тод илэрхийлэл боллоо.
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр бодит ажлууд хэрэгжиж байгаагийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нуурын гүнд живсэн автомашин, бохирдуулагч хаягдлыг татан гаргаж, экологийн эрсдэлийг бууруулсан явдал юм. Мөн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хүслийн хад, Соёмбо цогцолбор, Соёмбо цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалт хийгдэж, Хатгал–Ханх чиглэлийн 180 км авто замын ажил эхэллээ.
Түүнчлэн Хөвсгөл далайн төрийн тахилгын ёслолыг энэ оны наймдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тахилгыг Хөвсгөл далайн баруун эргийн Зүчийн даваанд хийхээр шийдвэрлэсэн юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаас ус, байгаль хамгаалах уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаанд суурилсан санал, шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод амжилт хүслээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2022

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010