Үйл явдал4 мин унших
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.10/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Мөнхсайхан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны 2025 оны 23 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Г.Ганбаатар, Н.Наранбаатар, А.Ундраа, Б.Уянга болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласныг дурдсан.
Энэ хугацаанд Ажлын хэсэг болон мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэмжих баг тус бүр 4 удаа хуралдаж, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 19 саналын томьёолол бэлтгэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 3 санал, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх 1 саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэнийг тодотголоо.
Тухайлбал, -хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэх нэр томьёог стандартын шаардлага хангасан байр, түүхий эд, технологи болон мэргэжлийн хүний нөөцөд тулгуурлан хоол үйлдвэрлэх, үйлчлэх үйл ажиллагаа байхаар өөрчлөн найруулах;
-төсөлд хүнсний аюулгүй байдал гэсэн нэр томьёог хасаж, тусад нь зүйл болгон томьёолсон байсныг Хууль тогтоомжийн тухай хуульд “нэр томьёо нь нэг утга агуулгаар нийт хуулийн хэмжээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолтыг уг хуулийн "Нийтлэг үндэслэл" гэсэн бүлэгт оруулж, мөн хуулийн төсөлд тодорхойлолт өгсөн хэд хэдэн нэр томьёо байгаа бол тэдгээрийг "Хуулийн нэр томьёоны тодорхойлолт" гэсэн гарчигтай зүйлд нэгтгэнэ.” гэж заасны дагуу уг нэр томьёог холбогдох зүйлд хэвээр үлдээх;
-Хуулийн төслийн 41 дүгээр зүйлийн “Хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцоо” төсөлд тусгасан байдлаар хүнсний аюулгүй байдлыг хангах төлөвлөлт, зохион байгуулалтын шинжтэй асуудлыг хуульчлах нь агуулга, ач холбогдол бага бөгөөд харин хэн, хэрхэн, хэзээ, ямар журмаар хэрэгжүүлэх механизм байхгүй, тунхагийн заалт болж үлдэх эрсдэлтэй байгаа тул төслөөс хасах;
-Төрөөс баримтлах бодлогын хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоог дэмжихээр тусгах;
Сэтгүүлч Ц.Соёлмаа

