Үйл явдал3 мин унших

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлаарх Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн 1 цагийн завсарлага дууссан тул ийнхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 23 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан ажилласан байна. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Г.Ганбаатар, Н.Наранбаатар, А.Ундраа, Б.Уянга нар ажлын хэсэгт ажиллажээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ.

Ажлын хэсгээс хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэх нэр томьёог стандартын шаардлага хангасан байр, түүхий эд, технологи болон мэргэжлийн хүний нөөцөд тулгуурлан хоол үйлдвэрлэх үйлчлэх үйл ажиллагаа байхаар өөрчлөн найруулахаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн аюулгүй байдал гэх нэр томьёог баталгаат байдал болгон, хуулийн нэрийг өөрчлөх, нэр томьёог сууриар нь солих асуудал нь одоогийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд өөрчлөх нь зөвхөн нэр томьёоны механик өөрчлөлт биш харин бодлогын томоохон шинэчлэлд тооцогдох тул нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ. Иймд үүнийг нэг мөр солих нь салбарын бодлогыг бүхэлд нь шинэчлэн тодорхойлох хэмжээний зарчмын өөрчлөлт учраас аюулгүй байдал гэсэн нэр томьёог хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл дэх хүнсний аюулгүй байдал гэсэн нэр томьёог хасаж, тусад нь зүйл болгон томьёолсон байсныг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, төрөөс баримтлах бодлогын хүрээнд цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн санг үүсгэж хөтлөх, уг сан нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл, хяналт шалгалтын тайлан, импорт, экспортын зөвшөөрөл, гүйцэтгэлийн мэдээлэл зэрэг 8 төрлийн мэдээллээс бүрддэг байх асуудлыг тусгахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Тус мэдээллийн нэгдсэн сан нь бусад төрийн байгууллагын системтэй цахимаар холбогдож мэдээллийг бүрдүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Д.Энхтүвшин гишүүн асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 21 саналын томьёоллоорх санал хураалтыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэснээр Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013