Үйл явдал2 мин унших
ӨБХ: Өнгөрсөн онд 23 сургууль ашиглалтад орж, суралцагчдын тоо 10.6 мянгаар нэмэгджээ

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2026.06.26/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтийг Төсвийн хяналтын зарлагын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайханы мэдээлэлдээ тайлант онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан талаар дурдлаа.

Харин Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын тухайн жилийн санхүүжилтийн гүйцэтгэл 72.9 хувь, тухайн онд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн төсөл арга хэмжээний хэрэгжилт 75.1 хувьтай, барилга байгууламжийн хоёр ажил тутмын нэг нь ТЭЗҮ, зураг төсөл боловсруулалтгүй, 5 ажил тутмын 4 нь тухайн онд хэрэгжиж дуусаагүй дараагийн онд шилжсэн тухай аудитын дүгнэлт танилцуулсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл арга хэмжээний үр дүнд 23 сургууль ашиглалтад орж, суралцагчдын тоо 10.6 мянгаар, 20 цэцэрлэг ашиглалтад орж хамрагдах хүүхдийн тоо 3 мянгаар, 2 дотуур байр ашиглалтад орж орны тоо 2280-аар, Соёлын төв, театрын 8 барилга баригдаж суудлын тоо 2.3 мянгаар, 10 эмнэлгийн барилга ашиглалтад орсноор эмчлүүлэгчдийн орны тоо 154-өөр тус тус нэмэгджээ. Мөн инженерийн дэд бүтцийн 36 дэд станц болон цахилгаан хангамжийг сайжруулах 30 байгууламж ашиглалтад орсон гэв. Нийгмийн үйлчилгээ болон суурь дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарчээ. Дээрх дүгнэлтэд үндэслэн төсвийн үр ашгийг дээшлүүлэх, гадаадын зээл, тусламж, ашиглалт, үр нөлөөг сайжруулах, эдийн засгийн ангиллыг мөрдөх худалдан авах ажиллагааг хууль журамд нийцүүлж явуулах, барилга байгууламжийн чанар, ашиглагдаж буй материалд эрүүл ахуй, стандартын шаардлага тавих, хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг арга хэмжээнд чиглэгдсэн нийт 35 зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирч захирагч нарт хүргүүлсэн байна.

