Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: МҮОНРТ-ийг яагаад үзэхгүй байгаад судалгаатай хандах ёстой!
УИХ-ын чуулганы /2026.07.02/-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах байр суурийг илэрхийллээ.
2005 онд би өөрөө ННФ-д ажиллаж байхдаа Хэвлэлийн хүрээлэнтэй хамтраад олон нийтийн хэлэлцүүлэг хийж байлаа. Олон нийтийн үндэсний радио телевизийн засаглал нь ямар байх ёстой вэ? Үндэсний зөвлөл гэж байх ёстой юм уу, үүрэг нь юу вэ? Сэтгүүлчдийн болон үндэсний зөвлөлд орж байгаа гишүүдийн ёс зүй гэж юу вэ? Ийнхүү ННФ-д байхдаа ёс зүйн код гаргаж жишээ болгоод, олон улсын ёс зүйн кодын жишээг орчуулж гаргаж өгч байлаа. Тухайн үед Үндэсний зөвлөл, Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-аас нэр дэвшүүлдэг байсан. Нэр дэвшин орж ирсэн 10-аад гишүүдийг Гүрж, Эстони, Чех улсад туршлага судлуулах гээд авч явж байлаа. Түүнээс хойш Үндэсний радио, телевиз өсөж хөгжсөн зүйл алга аа. Үнэхээр чамлалттай байна.
Нэр дэвшигчдийг харахад чи болооч гэж ятгаж оруулж ирсэн мэт харагдаж байна.
Цаашдаа юун дээр анхаарах вэ гэхээр бие даасан байдал, олон нийтийн сонирхолд нийцүүлсэн агуулга байхыг бодлогын түвшинд та бүхэн зөвлөж зангидаж явах ёстой. Яагаад үзэгчид үзэхгүй байгааг судлах хэрэгтэй. Хотод 1100 төгрөг, аймгууад 950, сумд 750 төгрөг гээд өөр өөр интервалтай төлбөрүүд бий. Наад захын асуудлыг мэдэхгүй байх шиг санагдлаа. Үндэсний радио, телевиз нэр хүндтэй байсан юм шүү. Хайран суваг.
Сонгуулиар улс төрчид гишүүн, орон нутгийн төлөөлөгч болох гээд шамбааралдаж, хэдэн үнэгүй минутаа авах болохоороо анхаарсан болдог. Тэгэхээр бие даасан байдал, үзэгчдийн эрх ашиг, тэнцвэртэй мэдээлэл авах эрэлт хэрэгцээ, мэдэх эрхийг хангахын төлөө та бүхнийг ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

