#Тойрог2 мин унших

ТӨРӨЛХ НУТАГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА

ТӨРӨЛХ НУТАГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу буюу өнөөгийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Энэхүү эрхэм хүндтэй шагнал нь Цэцэрлэг сумын үе үеийн хөдөлмөрч, бүтээлч, оюунлаг иргэдийн эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяа зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлсний тод илэрхийлэл юм.

1931 онд байгуулагдсан Цэцэрлэг сум Монгол Улсын ууган сумдын нэг бөгөөд өнгөрсөн 95 жилийн хугацаанд хөдөлмөрч малчид, бүтээлч иргэдийнхээ хичээл зүтгэлээр хөгжил дэвшлийн бахархалт түүхийг бүтээсэн билээ.

Мал аж ахуйн уламжлалаа үеэс үед өвлүүлэн хөгжүүлж, мал сүргийн чанар, ашиг шимийг дээшлүүлэхийн зэрэгцээ Тэс үүлдрийн адууг үржүүлэн, үндэсний шилмэл сүргийг хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Түүнчлэн “Буман хонины баяр”, “Хоёр түмэн адууны баяр”-ын түүхэн уламжлалыг өнөөдөр “Гурван түмэн адууны баяр” болгон өргөжүүлэн зохион байгуулж буй нь нүүдэлчин ахуй, адууны өв соёлыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий нийтэд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр болж байна.

Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан төрөлх Цэцэрлэг сайхан нутаг маань үеийн үед цэцэглэн хөгжих болтугай.

Та бүхэн маань сайхан наадаарай!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012