Үйл явдал1 мин унших
Говь шанхын өлгий нутгаас "гавьяат багш" төрлөө

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, ахмад багш, Цэенхүүгийн Амарбаясгалан багш өдгөө нас сүүдэр наяыг хол давсан, үе үеийн шавь нар, нутаг усныхныхаа хүндэтгэлийг хүлээсэн буянтай буурай билээ.
Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг боловсролын салбарт зориулж, бага ангийн болон хөдөлмөрийн багшаар олон арван жил үр бүтээлтэй ажиллан, олон зуун хүүхдэд эрдэм мэдлэгийн анхны үүдийг нээж, хүн болох ухааныг төлөвшүүлсэн ачлалт сурган хүмүүжүүлэгч юм. Ц.Амарбаясгалан багш бага ангийн заах аргын нэгдэлд ажилласан тэр он жилүүдэд Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит 10 жилийн сургуулийн бага боловсролын чанар, сургалтын амжилт аймагтаа тогтмол тэргүүлж, олон сайхан амжилтын эзэн болж байсан нь өнөөдөр ч бахархал болон дурсагддаг.


Олон сайхан үр хүүхдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн буянтай ээж, үе үеийн шавь нарынхаа сэтгэлд хоногшсон эрхэм багш, нутгийн зон олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн буурай минь өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат багш” хэмээх эрхэм дээд цол хүртэж, Төрийн ордонд шагналаа гардан авч, төв талбайдаа ард иргэд, шавь нар, төрөл төрөгсөдтэйгөө энэхүү баярт мөчөө хуваалцаж байна.
Эрхэм хүндэт Ц.Амарбаясгалан багшдаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, ач зээ, шавь нарынхаа хайр хүндэтгэлд мөнхөд бялхан байхыг хүсэн ерөөе.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

