Үйл явдал2 мин унших
СЗХ-ны ээлжит 16 дугаар хуралдаан боллоо
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хуралдаан өнөөдөр болж хуулийн этгээдээр бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан болон хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэх зэрэг нийт 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Хорооны 2022 оны 360 дугаар тогтоолоор баталсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам”-д заасан шаардлагыг хангасан нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах эрх олгож, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах асуудлыг хэлэлцэн тус бүр нэг компанийн баримт бичгийг бүртгэн авав. Түүнчлэн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэж, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэв.
Мөн хуралдаанаар “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-иас нийтэд санал болгон гаргах 60 сар хүртэл хугацаатай, нэг бүр нь 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,000,000 (таван сая) ширхэг хүртэл өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол улсын хөгжлийн банкны 2026 оны бизнес төлөвлөгөөний хүрээнд нийт 2.3 их наяд төгрөгийн санхүүжилт шинээр олгохоор төлөвлөсөн бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1.96 их наяд төгрөгийн дүн бүхий төслийн санхүүжилтийн судалгааг хийгээд байна. Нийт судлагдаж буй зээлийн багцын 56 хувийг дэд бүтцийн салбар, 25 хувийг эрчим хүчний салбар,10 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар,6 хувийг зам, тээврийн салбарын зээл, 2 хувийг ногоон зээлийн санхүүжилт тус тус бүрдүүлж байгаа аж. Бондоор татан төвлөрүүлэх 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг дээрх төслүүдийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн талаарх танилцуулгыг хуралдааны үеэр Монгол улсын хөгжлийн банкны удирдлагууд хийсэн юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн









