Үйл явдал2 мин унших
Нүүдэлчдийн өлгий нутаг маань энэ өдрүүдэд дэлхийн анхаарлын төвд байна

НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын хурал Монгол Улсад үргэлжилж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах дараах мэдээллийг өгч, байр сууриа илэрхийллээ.
Манай орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, доройтолд орсон тухай харамсалтай мэдээг ч бид сонсож байна. Тиймээс ч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (UNCCD COP17) эх оронд минь зохион байгуулагдаж байгаа гэж хэлж болно.
“Газраа нөхөн сэргээе. Итгэл найдвараа сэргээе” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байгаа КОП-ыг зорьж, Blue болон Green Zone-д зочилж, албан ёсны хуралдаан, салбар хэлэлцүүлгийг сонсож, төрийн болон ТББ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.

Эдгээр хэлэлцүүлэгт Монгол Улсын газрын доройтол, бэлчээрийн менежмент, уур амьсгалын эрсдэлийн талаарх санал, туршлага солилцож буй нь цагаа олсон асуудал байна.
UNCCD COP17 нь “Triple COP Year”-ийн 2026 оны эхний хурал болж цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын бодлогыг үндэсний төдийгүй дэлхийн түвшинд авч үзэж байна.
Бэлчээр, малчдын амьжиргааг бодлогын төвд тавьж, Монгол Улсын санаачилгаар 2026 оныг НҮБ-аас Олон улсын бэлчээр ба малчдын жил болгон зарласантай уялдан бэлчээрийн нөхөн сэргээлт, малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэг, тогтвортой үйлдвэрлэлийн асуудлыг өндөр түвшинд хэлэлцэж байна.

Мөн Боловсролын ногоон хөгжил, багшийн экологийн боловсролд чиглэсэн асуудалд анхаарал хандуулж, боловсролын яамнаас хэлэлцүүлэг зохиож байгаад талархууштай.
Ер нь байгаль орчны талаархи мэдлэг, дадлыг сургалтын хөтөлбөрт үе шаттай тусгах, багш нарыг ногоон хөгжлийн боловсролоор чадавхжуулах, хүүхэд, залуучуудыг газар нутгаа хамгаалах болон нөхөн сэргээх үйл ажиллагаанд бодитой татан оролцуулах нь онцгой ач холбогдолтой.
Дэлхийн хэмжээний хурлыг амжилттай зохион байгуулж байгаа БОУАӨЯ, ЭЗХЯ, ГХЯ, ХХААХҮЯ гээд гар бие оролцсон бүх хүнд талархал илэрхийлж, баяр хүргэе.

Ц.Сандаг-Очир сайд , "Ирэх долоо хоногт 66 орны байгаль орчны сайд нар ирнэ, тэр үед л чухал асуудлууд яригдана даа" хэмээн ярьж байна. Ажлын амжилт хүсье!




