Үйл явдал2 мин унших
СДМЭХ UNCCD COP17-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/ өндөрлөж байна.
Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо COP17-ийн хүрээнд Цэнхэр болон Ногоон бүсэд өөрийн талбайгаар оролцож, эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүл, орон нутгийн хөгжил, усны нөөц, газрын доройтол, экосистемийн сэргэлт, инноваци, үндэсний үнэт зүйл, тогтвортой хөгжлийн асуудлыг олон талын оролцоотойгоор хөндөн ажиллалаа.
COP17-ийн өдрүүдэд СДМЭХ-ны талбайд эрдэмтэн, судлаачид, төр, иргэний нийгмийн төлөөлөл, малчин эмэгтэйчүүд, залуучууд, үндэсний үйлдвэрлэгчид, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, судалгаа, туршлага, санал санаачилга, бодит шийдлээ хуваалцсан нээлттэй орон зай бүрдсэн юм.
Энэ үеэр ус, хөрсний чанар, газрын доройтол, бэлчээр, тогтвортой мал аж ахуй, хариуцлагатай үйлдвэрлэл зэрэг асуудлыг эрдэм шинжилгээний судалгаанаас малчин эмэгтэйчүүдийн бодит туршлага хүртэл олон өнцгөөс олон нийтэд хүргэлээ.
Мөн СДМЭХ-ны 2026–2030 оны WOMEN таван тулгуурт бодлого, “БӨРТЭ” Гэр бүл, эмэгтэйчүүдийн академи, “Баянбүрд-эмэгтэйчүүд” сан зэрэг санаачилгаа байгаль орчин, хүний хөгжил, гэр бүлийн тогтвортой байдал, эмэгтэйчүүдийн манлайлалтай уялдуулан танилцуулсан нь энэ удаагийн оролцооны онцлог байлаа. WOMEN бодлого нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн чадавх, үндэсний үнэт зүйлийг цогцоор хөгжүүлэхэд чиглэдэг. СДМЭХ товч танилцуулга.docx
Байгаль орчны сорилт бол зөвхөн экологийн асуудал биш. Газрын доройтол, усны хомсдол нь хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа, өрхийн орлого, хүний эрүүл мэнд, гэр бүл, хүүхдийн ирээдүйтэй шууд холбогдох хөгжлийн асуудал юм.
Иймээс СДМЭХ COP17-ийн үеэр бий болсон хамтын ажиллагаа, судалгаа, санал санаачилгыг дараагийн шатны бодит ажил, төсөл, тогтвортой түншлэл болгон үргэлжлүүлэхийг зорьж байна. Эмэгтэйчүүд байгаль орчны өөрчлөлтийн нөлөөг хүртэгч төдийгүй түүнийг даван туулах шийдэл бүтээгч, манлайлагч хүч байх ёстой.
COP17-ийн хүрээнд СДМЭХ-ны үйл ажиллагаанд оролцож, хамтран ажилласан холбооны нийт гишүүд, салбар холбоод, эрдэмтэн судлаачид, түнш байгууллагууд, малчин эмэгтэйчүүд, менти нар, сайн дурын ажилтнууд, зочид төлөөлөгчид, дэмжигч Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
COP17 өндөрлөж байна.
Харин эх дэлхийгээ хамгаалах, сэргээх бидний ажил үргэлжилнэ.






Сэтгүүлч Б.Хонгорсайхан



