Үйл явдал1 мин унших
СЗХ болон Торонто центр хооронд хамтын ажиллагааг эхлүүллээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Канадын Торонто Центр (Toronto Centre)-ийн Ерөнхийлөгч Бабак Аббасзадег хүлээн авч уулзаж, санхүүгийн салбарын зохицуулалт, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар өнөөдөр /2026.08.21/ санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Монгол Улсын санхүүгийн салбарын зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоо хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Түүнчлэн салбарын шинэ тутам хөгжиж буй чиглэлүүд болон хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэхэд тулгамдаж буй хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл солилцсон юм.
Энэ үеэр ноён Бабак Аббасзадег хоёр орны хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйгаа онцлоод хорооны албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага нэвтрүүлэх чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлж, сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлээд энэ хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хоёр тал санал нэгдлээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн









