Үйл явдал1 мин унших
УИХ-ЫН ГИШҮҮД СДМЭХ-НЫ ЦЭНХЭР БҮСИЙН БҮҮТЭД АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ч.Ундрам нар COP17-ын Цэнхэр бүс дэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны бүүтэд ажиллаж, холбооны хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр орон нутгийн тогтвортой хөгжил, усны нөөцийн зохистой ашиглалт, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй бодит ажлуудын талаар мэдээлэл солилцов.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилсан Ивэн голын боомт, даланг сэргээн засварлах ажил өнөөдөр бодит бүтээн байгуулалт болон хэрэгжиж, газар тариалан, төмс, хүнсний ногоо тариалагчдын усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ургац алдах эрсдэлийг бууруулах, орон нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих чухал ач холбогдолтой ажил болж байна.
СДМЭХ-ны хэрэгжүүлж буй WOMEN таван тулгуурт бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг тогтвортой байлгах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд байгалийн нөөц, ялангуяа усны нөөцийг зөв, зохистой ашигласан бүтээн байгуулалт чухал байр суурь эзэлж байна.
Ийм бодит хөрөнгө оруулалт нь зөвхөн дэд бүтцийн нэг ажил бус, орон нутгийн иргэдийн амьжиргаа, хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх тогтвортой хөгжлийн суурь нөхцөл юм.
Тогтвортой газар ашиглалт — тогтвортой өрхийн орлого.
Усны хүртээмж — хүнсний аюулгүй байдал.
Орон нутгийн хөгжил — эмэгтэйчүүдийн бодит боломж.


