Үйл явдал2 мин унших
ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР АНГИД ХИЙГДЛЭЭ
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад цэргийн албаны сахилга бат, аюулгүй байдлыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлж, таслан зогсоох зорилго бүхий эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалт үргэлжилж байна.
▪️ Энэ хүрээнд Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллаж, цэргийн албаны зохион байгуулалт, сахилга, аюулгүй байдлын нөхцөл болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа.
▪️ Ажлын хэсэг тус ангийн цэргийн албаны сахилга, хэв журам, төрийн болон цэргийн нууцын хадгалалт, хамгаалалт, зэвсэглэл, цэргийн техникийн ашиглалт, хадгалалт, бэлэн байдалд үнэлгээ хийв. Мөн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, хугацаат цэргийн алба хаагчдын байр, хоол, ахуйн нөхцөл, эрүүл ахуй, хөдөлмөрийн болон цэргийн албаны аюулгүй байдлын шаардлага хэрхэн хангагдаж байгааг нэг бүрчлэн шалгалаа.
▪️ Түүнчлэн Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжүүлж буй “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд тус ангид авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн бодит үр дүн, эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж буй ажлын явцад үнэлэлт, дүгнэлт өгсөн юм.
▪️ Ажлын хэсгийн ахлагч, бригадын генерал Ж.Болдбаатар шалгалтын үеэр цэргийн алба хаагч бүрийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалах нь бүх шатны захирагч, дарга нарын нэн тэргүүний үүрэг болохыг онцолж, эрсдэлийг үүссэний дараа арилгахаас илүүтэй урьдчилан илрүүлж, сэргийлэх тогтолцоог өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх шаардлагатайг санууллаа.
▪️ Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг, чиглэл өгч, цаашид анхаарах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллав.
▪️ Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалт нь цэргийн албаны аюулгүй байдлыг бодитоор сайжруулах, эрсдэл дагуулсан нөхцөл, шалтгааныг арилгах, нэгтгэл, анги, салбар бүрд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний бусад нэгтгэл, ангиудад батлагдсан хуваарийн дагуу үргэлжилнэ.
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба
