Үйл явдал1 мин унших
"Бээжингийн Шяншань форум”-д оролцож, БНХАУ болон бусад улсын батлан хамгаалахын сайд нартай хоёр талын уулзалт хийлээ

Хятадын Цэргийн шинжлэх ухааны академи, Олон улсын стратегийн судалгааны нийгэмлэгээс 9 дүгээр сарын 15–17-ны өдрүүдэд 13 дахь удаагийн "Бээжингийн Шяншань форум”-ыг Бээжин хотноо зохион байгууллаа.

Форумд 100 гаруй орны 500 гаруй төлөөлөгчид оролцож, олон улсын дэг журам, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжиж буй орнуудын хэтийн төлөв зэрэг 4 үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү форум нь 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа, олон улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын өндөр түвшний яриа хэлэлцээний платформ юм.
Форумд Монгол Улсыг төлөөлж Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, адмирал Дун Жуньтай уулзаж, салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр тохиролцлоо. Мөн Вьетнам, Лаос, ХБНГУ-ын БХ-ын сайд, удирдлагуудтай хоёр талын уулзалт хийж, санал солилцов.
Түүнчлэн сайд Д.Батлут Хятадын цэргийн нэгдсэн эмнэлэгт зочилж, Монголын цэргийн алба хаагчдад үзүүлж ирсэн тусламжинд талархал илэрхийлсэн юм. Цаашид цэргийн эмч, мэргэжилтнүүдийн харилцан айлчлал, сургалт, туршлага солилцох замаар цэргийн эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санал гаргалаа.

Эх сурвалж:
Батлан хамгаалах яам
