Байр суурь7 мин унших
Ж.Энхбаяр: Ардчилсан нам дур зоргоороо аашлах хүслээ гүйцэлдүүлсэн

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Чингис хааны төрсөн өдрийг өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэж тогтоох, түүнийг хэрхэн тэмдэглэх, томьёолох тал дээр гишүүд багагүй маргасны эцэст Чингис хааны өдөр гэж тогтохоор боллоо. Танай намын гишүүд арай өөр саналтай байх шиг?
-Чингис хааны төрсөн өдрийг тогтоох нь Монгол Улсад хэрэгтэй. Бид Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн жил, төр шашны өв уламжлал, түүхэн цаг хугацааг нь мэдэж байна. Харин энэ эрхэм хүний төрсөн өдрийг тогтоох нь түүхч, Чингис судлаачдын хийх ёстой ажил, үүрэг. Эрдэмтэн мэргэдийн тодруулж, тогтоосныг хуульчлах нь УИХ-ын үүрэг байх ёстой. Хууль санаачлагчид арваннэгдүгээр сарын 14 гэж аргын тоо барьж зүтгүүлээд санал нь уналаа. Харин сайн ярилцаж билгийн тооллын талаас нь өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэж тогтсон нь зөв зүйл болсон. Цагаан сараа бид билгийн тооллоороо цаг хугацааны хувьд савалгаатай тэмдэглэдэг. Түүн шиг л тэмдэглэнэ гэсэн үг. Тэгэхээс биш арваннэгдүгээр сарын 14 гэж тогтоохоор зарим жил нь намрын сүүл сар ч ороод байгаа юм. Энэ алдаагаа заслаа. Яах вэ, түүхэн эх сурвалж талдаа маргаантай зүйл байгаа юм болов уу гэсэн эргэлзээ бий. Үүнийг түүхчид боломж нь байдаг бол нэг мөр болгох хэрэгтэй л дээ.
-Энэ хуулийг дагаж орж ирсэн улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн ач холбогдол багассан талаар та юу гэж бодож байна?
-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга хамжлагат ёсыг халж, ард түмний эрхийг тунхагласан өдрийг “Монголын хар өдөр” гэж тодорхойлж байна. Анхдугаар үндсэн хуулиа баталсан, дэлхий нийтэд бүгд найрамдах улс гэдгээ зарлан тунхагласан энэ том түүхийг муу муухай зүйлийн эх үндэс гэж тодорхойж болохгүй. Энэ бол өөрсдийн өвөг дээдсээ үгүйсгэж байгаатай агаар нэг. Надад Д.Эрдэнэбат гишүүний энэ үг их л “харь” сонсогдож байна. Энэ бол XX зууны Монголын эрэлхэг хөвгүүдийн амь нас, урссан цусаар олдсон тусгаар тогтнол. Үүнээс л өнөөдрийн ардчилсан парламентын суурь тавигдсан. Энэ байр суурийг би дан ганц гишүүний биш Ардчилсан намын байр суурь гэж харж байгаа. Ардчилсан намын гишүүд 100 хувь эсрэг санал өгч энэ өдрийг ач холбогдлыг үгүйсгэлээ.
-УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн оронд Б.Болдбаатарыг томилох асуудлыг өчигдөр байнгын хороогоор хэлэлцлээ. Энэ хүн Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга байсан болохоор албан тушаалын бялуу гэж харагдаад байна?
-Ардчилсан намынхан Ц.Шаравдорж даргад шахалт үзүүлсээр байгаад ажлаас нь холдууллаа. Шинэ хүнийг нь хэрхэн ажиллахыг харж байя. Ажлаа юунаас эхлэх, ямар ажил гүйцэлдүүлэхийг нь ч гэсэн. Энэ хүн хэр шударга, аль нэг намаас хараат бус ажиллаж чадах уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна.
-Танай намын гишүүн У.Хүрэлсүх УИХ-аас нэрээ татлаа. Энэ шийдвэрийг дагасан янз бүрийн таамаг бий. Таны зүгээс энэ үйлдлийн хэрхэн харж байгаа вэ?
-Хүний хань, хүүхдийн эцэг, улстөрч гээд олон талаас нь хараад би энэ үйлдлийг дэмжиж байгаа. Гэхдээ У.Хүрэлсүх гэдэг хүн Монголын улс төрөөс яваагүй байх. Эргэж ирж, эхэлсэн ажлаа дуусгах нь түүний үүрэг. Тодорхой хугацаанд завсарлага авч байна гэж ойлгож байгаа. Хүний амьдрал баян. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хүрэлсүх гэдэг хүнд бусдын л адил жаргал, зовлон байгаа. Би энэ талаас нь ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс биш хүний ёсноос гажууд, хувийн ашиг сонирхлын үүднээс хандаад байх нь зохимжгүй. Зарим хүн үгүйсгэж, харлуулж, доромжлох гээд өнөөх л муухай зангаа гаргаж байх шиг. Хувийн чанартай өш хонзон талаас хандсан ч хүн байна. Үүнийг жижигхэн харж, сэтгэж байна даа гэж хэлнэ. Магадгүй нэг өдөр тэр хүмүүсийн амьдралд асуудал гарч мэднэ. Тэнгэрээс бууж, төмөр чулуунаас бүтээгүй л бол.
-Түүнийг “намын нэрийг сольж, сонгуульд өвдөг шороодуулсан хариуцлагаа хүлээж байна” гэх юм?
-Яах вэ. Бид нэрээ сэргээснээр санал алдах эрсдлийг тооцоогүй биш мэдэж байсан. Гэхдээ МАН гэсэн нэрээ сэргээсэн маань том бодлого байсан. Энэ бол нэг хоёр сонгуулийн ялалт, ялагдлын асуудал биш. МАН-ын бие даасан бодлогоо явуулж байгаа л утга санаа. МАН ардынхаа эрх ашийг дээдэлнэ гэж байгаа санаа. “Хувьсгал” гэдэг үг харийн гаралтай нэр томьёолол гэж үзэх түүхэн үндэс байгаа. Энэ утгаараа л бид ярьж байж шийдсэн асуудал. Би үүнийг дэмжигчдийн нэг. Үүнийг тойрсон жижиг том улс төр явж л байдаг. Гэхдээ зөв шийдвэр байж гэдгийг цаг хугацаа харуулна. Тиймээс л би Хүрэлсүх гэдэг хүн эргэн ирж амжилт олох ёстой гэж хэлээд байгаа юм.
-МАН-ын бүлгийн баталгаажуулах асуудлыг бараг улиг болтол ярьсны дүнд хэлэлцэж эхлэх шиг боллоо?
-Бүлгийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж сайхан үг бий. Үүний цаана цаг хугацааны асуудал байсан гэдэг хэнд ч ойлгомжтой. Ардчилсан нам парламентад цөөнхийн хяналтгүйгээр улс төрийн томилгоо, улсын төсөв батлахад дур зоргоороо авирлах хүслээ гүйцэлдүүлсэн. Үүнийгээ тэд амжилт гэж харж болох ч урт хугацаанд Монголын ардчилалд том толбо болж үлдлээ. Энэ асуудлыг соргог анзаараад хууль санаачилж оруулж ирсэн Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдоржид энэ ярилцлагаар дамжуулан их баярласнаа хэлмээр байна. Ардчиллынхаа үнэт зүйлд энэ хүн мэдрэмжтэй хандаж байна.
-Эрх баригчид өнгөрсөн хугацаанд энэ мэт асуудал дээр хүч түрэн хандаж байсан. “Ялж сураагүй нам” гэсэн гуншинг ч олж амжлаа. Хэрэгжүүлж буй бодлого хийж байгаа ажил нь ямар санагдаж байна?
-Үнэнийг хэлэхэд голж байгаа. Үг хэлэх зөвлөх гол тулгуур намаа үгүйсгэж, дуу хоолойг нь хорьж, дур зоргоороо авирлаж байгаа нь сайн зүйл биш. Ийм байдлаар жаахан яваг, дур зоргоороо аашлаг. Гэхдээ зөвшилцөл, ойлголцол гэдэг түлхүүрээ гээнэ гэдэг сайны тэмдэг биш. Тэд хөөрөл, хийрхэлийн үедээ байна. Бүгдийг өөрчлөх, шинэчлэх талаар ярьж байгаа. Уг нь энэ үгийг их л бодож хэлэх ёстой санагдана. Бүхнийг өөрчилнө гээд байгаа нь таалагдахгүй байгаа. Аль нэг улс төрийн хүчин гарч ирээд нийгмийг бүхэлд нь өөрчлөөд байдаг ч юм биш. Бид 20 жилийн турш нийгмийн савалгаанд хангалттай туучлаа. Арай нэг тогтох гэж оролдож байхад дахиад савлуулах хэрэггүй юм. Бид гол сонголтоо 1992 онд хийж, Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Одоо сайжруулах, боловсронгуй болгох л хэрэгтэй болохоос биш үгүйсгэл, хийрхэл хэрэггүй.
-Сөрөг хүчин байхыг хэрхэн харж байна. Бухимдах юм уу?
-Мууг яривал олон юм байна. Сайн талаас нь харвал бидэнд амсхийх боломж ирлээ гэж харж байгаа. Өөрийнхөө өнгөрсөн үйл явцыг эрүүл ухаанаар дүгнэх, ирээдүйгээ цэгнэх, олон түмэндээ хүрэх олон давуу талыг бий болгож байна.
-Төсвийн хэлэлцүүлэг дуусах шатандаа орлоо. Хамгийн товчоор базаад хэлбэл?
-Сайдууд нь багцаа хуваагаад авчихсан зүйл л харагдаж байна. Гэхдээ хэн юу авах нь хамаагүй. Монгол Улсад зарцуулж л байвал аль аймаг авах нь гол зүйл биш л дээ.Том зургийг нь харахад урт насгүй, удаан жаргалгүй л төсөв шиг санагдсан. Нийгмийн амьдралд сайнаар нөлөөлөх нөлөө нь тун бага, орлого зарлага талын төлөвлөлт алдаатай. “Шинэчлэл” гэсэн гоё нэр зүүсэн боловч үнэр байхгүй, хэлбэр байгаа ч агуулга байхгүй төсөв болсон. Гэтэл бодит байдал дээр ирэх онд төсөв хүндэрнэ. Хүндрэлийн хэв шинж бүх талаар нөхцөлдөөд байна. Товч тодорхойлоход урсгал зардал 600 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Сайд, дарга нарын тоог даган эдэлж хэрэглэдэг унаа машин, тавилга тоног төхөөрөмжид мөнгө урсгасан төсөв болсон. Олон түмэнд очиж байгаа цалин, тэтгэвэр, халамж нь хасагдлаа. Нийт монголчуудын амьдралд сөргөөр нөлөөлөх төсөв боллоо гэж тодорхойлно доо.
-Хоёр эмнэлгийг нэгтгэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Эмч нар нь босч тэмцээд байх юм. Энэ хэр зөв шийдвэр вэ?
-Энэ хоёр эмнэлгийг нэгтгэсэн нь зүйтэй. Нэгтгээд тоног төхөөрөмж, хүчин чадал, боловсон хүчний хувьд чадавхижуулах, чанаржуулах, шинэ шатанд гаргаж ирэх шаардлага бий. Тэр үүднээс Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийг төв госпиталтай нэгтгэж байгааг нь дэмжиж байгаа. Харин үлдэж байгаа байшинг яах нь Засгийн газрын асуудал. Уг нь эмнэлгийн зориулалтын дагуу ашиглаж, эрүүл мэндийн яаманд шилжүүлэх ёстой байсан юм болов уу. Контор гэдгээсээ татгалзсан бол буруудахгүй л байх. “Орон тоо нэмэхгүй, төсвийн байшин барилга барихгүй” гэж Н.Алтанхуяг сайд маань ярьсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ байна. Хэлсэн нь хийж байгаагаасаа зөрөөд байх юм.
-“Өмнөх Засгийн үед санаачилсан зарим зүйлс дээр шоудаад байна” гэх юм. Ялангуяа хотын удирдлагуудын шинэ санаачлагууд ийм шүүмжлэлд өртөөд байна?
-Хүн ер нь юуг ч гоё санаачилж болдог. Хэрэгжүүлэх нь хамгийн чухал байдаг. Замын хөдөлгөөний асуудал дээр Э.Бат-Үүл даргыг би 100 хувь халуун дотно дэмжиж байгаа. Энэ хүн хэрэгжүүлж чадсан, манай удирдлагууд энэ ажлыг хийж чадаагүй. Хэрэгжүүлээгүй мянган гоё хуулиас хэрэгжүүлсэн нэг энгийн санаа илүү гэдэг талаас нь хардаг. Энэ бол шинэ хотын даргын зөв менежмент, зохион байгуулалт. Монголд дарга олон хэрнээ менежер цөөн байна. Үүнд сэтгэл л хэрэгтэй байж гэдгийг харуулсан.
Сэтгүүлч ts8060

