Үйл явдал6 мин унших
Хилийн боомтын тухай хууль батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон холбогдох 6 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг холбогдох Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан.
Хилийн боомтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох дараах хэрэгцээ, шаардлага байв:
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилттой уялдуулан хилийн боомтын дэд бүтэц, барилга байгууламж, техник хэрэгслийг олон улсын түвшинд хүргэж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн бодлоготой зохион байгуулах;
- Хилийн боомтуудын 33.3 хувьд нь шалган нэвтрүүлэх цогцолбор барилга байгууламж байхгүй, 51.5 хувьд нь хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдын орон сууцны асуудал шийдэгдээгүй, 27.3 хувьд нь ажилчдын орон тоо хүрэлцээгүй байна. Эдгээр асуудлыг бодлогын хүрээнд нэгдсэн журмаар зохицуулах;
- Хилийн боомтын талаар хууль байдаггүйгээс хилийн боомттой холбоотой харилцааг Монгол Улсын хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээр, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг боловч хилийн боомтын хөгжлийн асуудал болон ажилчдын нийгмийн асуудал нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явагдаж ирсэн;
- Цаашид гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах, дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулж, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллах.
Хилийн боомтын тухай хуульд дараах үндсэн зохицуулалтыг шинээр тусгасан.
Үүнд:
- Хууль 9 бүлэг, 22 зүйлээс бүрдэх бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашгийг дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хамгаалах, хууль дээдлэх, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эдийн засгийн үр ашиг, бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөвийг харгалзах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, эрсдэлд суурилсан зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх зарчмуудыг баримтална.
- Боомтын газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд Боомтын бүсэд олгох тусгай хэрэгцээний газрын хэмжээ, хилийн заагийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. Боомтын хяналт шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг Засгийн газар тогтооно. Боомтын үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд боомтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Боомтын захиргааны дарга шийдвэрлэнэ. Боомтын бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэд Боомтын нэгдсэн захиргаа хяналт тавина.
- Боомтын бүс нь хяналт шалгалтын бүс болон боомтод ажиллаж байгаа төрийн байгууллагын албан хаагчийн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх, боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламж бүхий хэсгээс бүрдэнэ. Олон улсын зэрэглэлтэй боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болох бөгөөд эдийн засгийн чөлөөт бүс, түүнтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
- Боомтын удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн хуульчилсан. Боомтын нэгдсэн захиргаа нь боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагын үйл ажиллагааг уялдуулж, ерөнхий зохицуулалтаар хангана. Боомтын үндэсний зөвлөл нь боомтыг хөгжүүлэх асуудлаар баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд хуульд заасан байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллана.Боомтын захиргаа тухайн боомт дахь байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, төрийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулах, засвар, үйлчилгээ хийх ажлыг хариуцан зохион байгуулах зэрэг хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Боомтын зөвлөл нь тухайн боомтод мөрдөх журам, боомтын дэд бүтэц барих, гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллах зэрэг асуудлаар Боомтын захиргааны дарга, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллага, орон нутгийн удирдлагад зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
5.Боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг Засгийн газраас баталсан боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулах бөгөөд төрийн өмч байна.
Сэтгүүлч batzaya


