Доктор, судлаач Б.Мижиддорж Нарансэвстэй хилийн боомтыг нээхийг эрс эсэргүүцэж буй шалтгааныг танилцуулсан. Тэрбээр боомтыг нээснээр говийн дөрвөн дархан цаазат газрын хамгийн томд тооцогдох Их говийн “А” дархан цаазат газрын бүрэн бүтэн байдалд ноцтойгоор нөлөөлж, зөвхөн энэ газар нутагт оршдог нэн ховор зүйл болох мазаалай болон хавтгай тэмээний тоо толгой буурах, мөхөх эрсдэлд оруулж болзошгүйгээс гадна олон арван жилийн туршид хийгдсэн хамгааллын ажлуудыг үгүй хийх аюултай хэмээсэн.
Нарансэвстэй боомтыг нээснээр Говийн их дархан цаазат газрын биологийн олон янз байдалд учрах үр дагаварыг тооцох аргагүй гээд энэ боомтыг нээн ажиллуулсан 1992, 1993 оны туршлага, гарах сөрөг үр дагаварын талаар мэдээлэл хийсэн.
Нарансэвстэй боомтын асуудлаар нийтийн өргөдлийн цахим системд өргөдөл гаргасан иргэн Н.Анхзаяа, Монгол Улс Дэлхийн өвд бүртгүүлэхээр зэхэж буй өвөрмөц эко системтэй газар нутгаа хамгаалахын тулд залуу үеэ төлөөлөн өргөдөл гаргасан гээд, өөрөө биологич мэргэжил эзэмшсэн, Говийн их дархан цаазат газарт хийсэн судалгаанд оролцож байсны хувьд ийм шийдэлд хүрсэн гэлээ.
Мөн хуульч Г.Дашдэмбэрэл Нарансэвстэй боомтыг нээснээр Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчихөд хүрч буй талаар мэдээлэл танилцуулсан.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд тус боомттой холбоотой бусад баримт бичгийг судлан үзэж, шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн үзлээ
Эх сурвалж: