Үйл явдал4 мин унших
Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Сэтгүүлч batzaya
Одоохон...
Үйл явдал4 мин унших

Сэтгүүлч batzaya

УИХ-аар улсын төсвийг хэлэлцэх явцад зарим алдаа дутагдал гарах болсон байна. Тухайлбал, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад нэг обьектыг төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн багцад тусгасан, мөн төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгахад хэрхэн шийдэгдэж байгаа нь ойлгомжгүй зэрэг дутагдал байдаг аж. Тиймээс дээрх алдаа дутагдлыг арилгахын тулд төсвийн хэлэлцүүлгийн бүх процесст Улсын Их Хурал өөрөө хяналт тавьж, хэлэлцүүлгийн шатанд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг мэргэшсэн ажилтнуудаар хийлгэх, хянуулах шаардлагатай гэж нэр бүхий гишүүд үзсэн байна. Иймээс УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн шинжилгээний албаны ажиллах орчин, хэм хэмжээ, чиг үүрэг, зорилгыг тодорхойлж хууль, эрх зүйн талаас нь баталгаажуулж өгөх зорилгоор Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдэгдлээ. Парламентын засаглал хөгжсөн Бельги, Канад, Унгар, Өмнөд Солонгос зэрэг улсад 100-135 орчим хүнтэй парламентын төсвийн алба, Австри, Шведэд парламентын санхүүгийн зөвлөл, АНУ-д 235 хүнтэй Конгрессын төсвийн алба нэртэй бүтэц зэрэг төсвийн хараат бус мэдээлэл, судалгаа шинжилгээгээр парламентыг хангах бие даасан нэгжүүд ажилладаг байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан төсвийн төслийг парламентын түвшинд тооцоо судалгаатай нягтлан үзэж, сайжруулах, чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодоор хэлэлцүүлэх чадавхийг дээшлүүлэх, төсвийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд тавих хяналтыг бусад улсын парламентад мөрддөг хэм хэмжээнд хүргэх бололцоотой болох юм.
Засгийн газар, орон нутаг, төсвийн ерөнхийлөн захирагчид аль болох их төсөв батлуулах зорилготой байдаг бол Улсын Их Хурал, ард түмний татвар, байгалийн баялгийн үр дүнгээр бий болсон хязгаарлагдмал нөөцийг аль болох хэмнэлттэй, оновчтой, зүй зохистой хуваарилж, зарцуулахад илүү анхаарал, санаачилгатай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Улсын Их Хурал энэхүү зорилго, зорилтдоо хүрэхэд нь Төсвийн албаны хийсэн судалгаа, шинжилгээ бодит дэмжлэг болно гэж үзэж байна.
Төсвийн албаны тухай хууль батлагдсанаар улсын төсвөөс нэмэгдэл хөрөнгө, эх үүсвэр шаардагдахгүй болно.