Үйл явдал4 мин унших
Эрх зүйн тулгамдсан асуудлыг хөндсөн шилдэг илтгэл тодорлоо

Сэтгүүлч munkhbold
Одоохон...
Үйл явдал4 мин унших

Сэтгүүлч munkhbold
Илтгэлийн уралдааныг нээж УИХ-ын гишүүн Г.Батхүү хэлсэн үгэндээ “УИХ-аас эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг 1998 онд батлан гаргасан нь 2008 он хүртэл хэрэгжиж, нийгэм эдийн засгийн эрчимтэй хөгжлийн явцад дараагийн шинэтгэлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын улмаас шинэтгэлийн ажил эхэлсэн бөгөөд зургаа дахь удаагийн УИХ зөвхөн хууль зүйн салбарын шинэтгэлд холбогдох 40 гаруй хуулийг баталсан болон цаашид батлахаар ажиллаж байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 583 хуулийн хэрэгжилтийг хангах, улам боловсронгуй болгох шаардлагыг хэрэгжүүлэхдээ монгол хүн, улс орныхоо хөгжлийг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан эсэхийг эргэн харж, өнгөрснөөсөө сургамж авч, алдсанаа засан, ололтоо хөгжүүлж өнөөдрөө тодорхойлох, ирээдүйн хуулиудыг боловсруулах хэрэгцээ шаардлага, шинжлэх ухаанд суурилсан онол, практикийн мэдлэгийг дэмжин ажиллах нийгмийн эрэлт хэрэгцээ байгаа юм. Өнөөдөр хууль зүйн салбарын судлаачид, хууль тогтоогчид, хуульчид, эрх зүйчид, багш нар, оюутнууд хамт сууж орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь шүүн хэлэлцэж байгаа нь төрийн бодлогыг оновчтой болгоход тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв.
“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд”сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 40 гаруй илтгэл ирснээс хоёрдугаар шатанд хуульчдын найм, оюутнуудын зургаан илтгэлийг хэлэлцүүлэн шилдгийг шалгарууллаа.
Энэ үеэр хуульчид, оюутнуудад нэг таатай мэдээ дуулгасан нь эхний байрт шалгарсан илтгэлийн эздийг УИХ-ын Тамгын газартай хамтран гадаадад эрх зүйн чиглэлээр туршлага судлах боломж бүрдүүлэхээр шийдвэрлэсэн тухай байв.
Хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг. Сайн хууль амьдралын шаардлагаар “төрж”, амьдралд ойр хэрэгждэг. Тийм ч үүднээс уг илтгэлийн уралдааны зорилго Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын боловсруулалт, чанар, үр өгөөжийг сайжруулах, цаашид чухал хэрэгцээтэй хуулийн талаар хуульчид болон мэргэжилтнүүдийн саналыг авах, судалгаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэгдсэн юм.
Энэхүү илтгэлийн уралдаан хууль зүйн салбарын нийтлэг асуудлууд болох Үндсэн хууль, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн сэдвүүдийг сонгож, хүний эрх, ёс суртахууны асуудлыг гэр бүл, нийгмийн харилцааны бүхий л түвшинд авч үзэн хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгох, хариуцлагыг өндөржүүлэх, төрт ёсыг боловсонгуй болгох болон шүүхийн багц шинэтгэлийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хууль зүйн шинжлэх ухааны тодорхой асуудлуудыг хэрэглэж, судалгааны арга зүйн ерөнхий шаардлагыг хангасан илтгэлүүдийг хэлэлцүүлснээрээ онцлогтой боллоо.
“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд”сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шүүгчээр Академич, хуульч С.Нарангэрэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Г.Одгэрэл, ИЗОУИС-ийн Сургалт хариуцсан захирал, МЗХ-ны Хуулийн хорооны дарга, доктор Р.Булгамаа, УИХ-ын Тамгын газрын ХЗҮХ-ийн орлогч дарга, доктор, профессор Л.Батжав нар ажиллаж, уралдаанд оролцож буй илтгэлүүдийн зорилго, зорилт, ач холбогдол, гарах үр дүн, илтгэгчийн ур чадвар, судалгааны цар хүрээ зэргээр үнэлгээг өгч дүгнэсэн.
Илтгэлийн уралдааныг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Батхүү хуульчид, оюутнуудын үнэтэй санаа оноог тусгасан эдгээр илтгэлийн эмхтгэж олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөснөө мөн энэ үеэр дуулгасан юм.