Уг нь өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч горимын саналаар хойшлуулсан юм. Мэдээллийн үеэр хэлэхдээ “Нийт 14 зүйл заалтаар дүгнэлт гаргах ёстойгоос тавь орчим хуудас дүгнэлтийг гаргаад байна. Англи хэл дээрх эх материал нь монгол хэл дэх хувилбараас арав гаруй хуудас зөрүүүтэй байна гэдгийг манай хуулийн зөвлөх бидэнд мэдээлэл өгсөн.
Засгийн газраас шаардсан хэд хэдэн материал дутуу байгаа. Шинхуа болон Энержи ресурс хооронд дахь гэрээг шаардсан боловч одоог хүртэл ирээгүй.
Харин С.Баярцогт сайдын хэлсэн мэдээллээр бол “Компани хоорондын гэрээг засгийн газар өгөх боломжгүй. Ажлын хэсгийнхэн өөрсдөө тухайн компаниудаас шаардаж ав гэдгийг хэлсэн” хэмээн ажлын хэсгийн ахлагч хэллээ. Түүнчлэн өнгөрөгч амралтын өдрүдэд Тавантолгойн ажлын хэсгийнхэн Эрдэнэс тавантолгой компанид ажилласан гэдгийг хэллээ.
Одоогийн байдлаар тус компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс бэлнээр байгаа бөгөөд түүний цаана хөрсийг нь хуулаад олборлоход бэлэн 2.0 сая тонн нүүрс бий гэдгийг тус компанийн зүгээс мэдээлсэн аж.
Зах зээлийн ханш 140 сая ам.доллар бөгөөд Хятадын Чалко компанид төлөх ёстой үлдсэн өр болох 142 сая ам.долларыг үүгээр төлнө гэлээ. Тэрээр бас сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулсан юм.
Англи хэлээс зөрүүтэй байгаа зүйлийг ажлын хэсгийнхэнд танилцуулаагүй байгаа. Тэгэхээр энэ долоо хоногтоо амжаад хоёр хэл дээрх хувилбарын зөрүүг үзэх болно. Уг ь гэрээ нь анхнаасаа англи хэл дээр бэлтгэгдсэн. Харин монгол хэл уруу буулгах ажлыг Гадаад хэргийн яамнаас албан ёсоор хийх ёстой. Гэхдээ одоохондоо тодорхойгүй байна
Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр ярихдаа “Ажлын хэсгийнхэн 14 хоногийн дотор багтааг дүгнэлтээ чуулганд танилцууах” тухай ярьсан. Гэхдээ УИХ-ын даргын өгсөн удирдамж дээр тодорхой хугацаа заагаагүй.
Ер нь жаран жилийн хугацаатай 60 тэрбум ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээний маш том гэрээнд бид маш нухацтай хандах шаардлагатай. Дээрээс нь 3000 гаруй хуудастай материалтай танилцаж байгаа учраас яарах зүйл байхгүй. Тиймээс энэ хаврын чуулганаар заавал ч үгүй амжих ёстой гэсэн ятгалагад ажлын хэсгийхэн автагдахгүй.
Энэ асуудал бол УИХ-ын даргын мэдлийн асуудал. Тиймээс Тамгын газраас асуух хэрэгтэй. Бидэнд өгөгдсөн мэдээллээр дэгийн тухай хуулинд зааснаар ажлын хэсэг байгуулагдсан гэж үзэж байгаа. Оюутолгойн гэрээ зурагдахын өмнө яг бидэн шиг ажлын хэсэг байгуулагдсан. Тиймээс энэ ажлын хэсэг бол хууль ёсны дагуу.
Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендэр 2010 онд зарлаад зургаан компани шалгараад явж байсан. 2014 оны наймдугаар сард дахин сонгон шалгаруулалт хийхдээ 2010 онд шалгарсан зургаан компанийн дотор хаалттай тендэр зарласан, энэ бүхний материалтай ажлын хэсэг танилцсан.
“Пибоди” сүүлчийн өдөр хүртэл энэ консерциумд багтаж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байсан ч Засгийн газар шалгаруулаагүй. Дээр нь Японы нэлээн том консерциум орж ирээд 2010 онд шалгараад явж байсан. Тэдний зүгээс “Иточу” компани Тавантолгойд 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байсан юм билээ. Тийм учраас Хятад, Монголын консерциумд “Иточу” компанийг оруулж өгөөч ээ, японы хөрөнгө оруулагч нар сонирхож байна гэсэн ч Засгийн газар хүлээж аваагүй юм билээ.
ОХУ-ын Төмөр замын дарга В.Якунинаас ирсэн захидалтай танилцсан. 2010 онд яригдаж байсан тэр хэмжээндээ биш сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж орж ирсэн.
Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй, зөвхөн урагшаа гарцтай төмөр зам бариулахаар Тавантолгойн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах үеэр хийгдсэн яриа хэлэлцээрээс эсрэг байдалтай сонгон шалгаруулалт хийгдлээ.
Бусад компанийн тухайд маш богино хугацаа өглөө. 2014 оны есдүгээр сард сонгон шалгаруулалт зарлаад арванхоёрдугаар сард шалгаруулсан. Гуравхан сарын хугацаанд тухайн компаниуд Монголын талтай гэрээ хэлэлцээрт орох боломж үүсээгүй.
Ялангуяа 268 дугаар тогтоолд заасан долоон үзүүлэлт болох, 5-аас доошгүй жил нүүрсний олборлолт, борлуулалт хийх компани нь Монголын талын компани байна гэж заасан нь нэгхэн компани бий. “Энержи ресурс” л болж байгаа.
Тус компани нь Хятадын “Шиньхуа” компанитай тохиролцоонд орчихоор бусад компани шаансгүй болсон. Тэгэхээр цаанаасаа бодлогоор бусад компанийг оруулахгүйн тулд ийм шалгуур үзүүлэлт тавьсан гэж үзэж байгаа.