Үйл явдал2 мин унших
Цэцийн дарга хууль зөрчсөн

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Өөрөөр хэлбэл,Ж.Амарсанааг хууль зөрчсөн хэмээж Цэцийн даргаас огцруулахыг дэмжээд байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Монгол Улсын "Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн дарга болон гишүүн хууль зөрчсөн бол эргүүлэн татах асуудлыг нэг бол Цэцийн шийдвэрээр нэг бол анх илгээсэн байгууллагын саналаар УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ" гээд заасан. Ямар асуудлаар хандсан бэ гэхээр урьд өмнө нь олон хүн ярьдаг байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тэр дундаа цэцийн удирдлага хууль зөрчөөд байна гэж. Ямар нэг баримт, нотлох үйл явц хангалттай хийгддэггүй. УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсгээр хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох тухай Цэцийн шийдвэр гараагүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчсөн.
Цэцийн тухай хууль дээр маш тодорхой заасан байдаг. Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр явж байгаа бол тэр маргаантай асуудлаар цэцийн ямар нэгэн гишүүн урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг. Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан тоот явуулсан. Тэр албан тоот дээр хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээ маш тодорхой биччихсэн байсан. Тэгээд цэцийн тамга бүхий өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан. Энэ бол өөрөө нотлох баримт, факт. Тодорхой дурдвал таван хуулийг зөрчсөн байгаа юм. Тухайлбал, Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Дээд шүүхийн бүрэн эрх рүү халдаж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна.
Сэтгүүлч zaya_a



