#Ажлын хэсэг5 мин унших
Бага хугацаанд ихийг хийсэн сайд

Сэтгүүлч soko
Одоохон...
#Ажлын хэсэг5 мин унших

Сэтгүүлч soko
Үүрэг хариуцлагыг ухамсар, ёс зүй дагаж явдаг. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар салбартаа үүссэн асуудлаас үүдэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, олон түмнээсээ уучлал гуйн жудагт төрийн түшээгийн сайн жишгийг үлгэрлэсэн юм.
Энэ салбарт зайлшгүй хэрэгтэй байсан суурь 2 хуулийг тэрээр сайд болоод, УИХ-аар батлуулж, олон жил ярихаас цааш хийж чадахгүй байсан малын мах экспортлох үйл ажиллагааг идэвхжүүлж, олон улсын стандартад хүргэх боломжийг нээсэн. Мөн газар тариалангийн салбарт тариаланчдын хүсэн хүлээж байсан шийдвэрүүдийг гаргасан юм.

УИХ-ын гишүүн Б.Батзориг
“Би жил гаруй хугацаанд ХХААХҮ-ийн сайдаар ажилласан. Салбарын бодлогыг тодорхой болгож, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ, ажилтай, орлоготой болгох зорилт тавин ажиллалаа. Мал аж ахуйн салбарын суурь хууль болох “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль, “Малын генетик нөөцийн тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Ингэснээр малын гоц халдварт өвчинтэй тэмцдэг байсан тогтолцоог урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, “Мал эмнэлгийн ерөнхий газар”-ын бүтцийг байгуулсан.”
Монгол Улсын эдийн засгийн бас нэг тулгуур бол мал аж ахуйн салбар юм. Мал аж ахуйн салбар нь жилд 3 их наяд төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа бий. 2018 онд 18 сая төл хүлээн авснаар Монгол Улс түүхэндээ анх удаа 84 сая толгой малтай болсон. МАА-н салбарт “Ноолуур”, “21х100” үйлдвэржилтийн хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, хэрэгжүүлсэн. Ингэснээр ноолуурын үнэ өссөн. Малчид орлоготой болсон.
Малын эрүүл ахуйн чанар, стандарт нийцдэггүй гэх шалтгаанаар мал болон малын гаралтай бүтээгдэхүүнүүд гадаад худалдаанд төдийлөн амжилт олдоггүй байсан. Харин энэхүү хууль батлагдсанаар мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад үүсэж байгаа хориг саадыг арилгах нөхцөлийг хангах эрх зүйн орчин бүрдсэн юм.

Мал аж ахуйн салбарын бас нэг суурь хууль бол “Малын генетик нөөцийн тухай” хууль юм. Өмнө нь энэ төрлийн харилцааг 1992 онд батлагдсан "Малын удмын сан, эрүүл мэндийн тухай" хуулиар зохицуулдаг байсан ч хамрагдах хүрээний чиг үүргийг нарийвчлан заагаагүйгээс ажил цалгардаж байсныг Малын эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хууль хэмээн салгаж, монгол малыг хамгаалах болон малаас гарах ашиг шимийг хүртээмжтэй болгох томоохон зохицуулалтыг оруулсан юм.
МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛЛАА
Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөх шаардлага үүссэн.
Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг:
“Улсын хэмжээнд хувийн мал эмнэлгийн 998 нэгжид 1493 малын эмч ажиллаж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр бүх суманд гурван орон тоотой мал эмнэлгийн тасаг байгуулагдаж, малын өвчлөл, эрүүл мэндийн асуудлыг олон жилийн тандалт судалгаанд үндэслэн хэтийн зорилт, чиглэлтэй хэрэгжүүлэх ажлыг хариуцаж, хяналт тавьж ажиллах юм. Мөн хувийн мал эмнэлгийн нэгжүүд хэвээр ажиллах бөгөөд орон нутгийн мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдтэй гэрээний үндсэн дээр хамтарч ажиллана.”
Мал аж ахуйн салбарын суурь хуулиуд батлагдаж, Малын эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн агентлаг ажилладаг болсоноор Монгол Улс мал, махаа олон улсруу экспортлон, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой болсон.

“Олон улс орноос Монгол Улсаас мал, мах авая гэж хүсэлт ирүүлж байна. Энэ нь дээрх 2 хууль батлагдсантай холбоотой юм. Монгол Улс анх удаа Мал эмнэлгийн ерөнхий газартай болсон. Малын ерөнхий эмч, Ерөнхий байцаагчтай болсон. Ингэхээр бид дэлхийн түвшинд зэрэгцэн очиж байгаа юм. Үүнийг хийснээр дэлхий биднийг тоож эхэлж байна. Гэхдээ бид техник технологи болон шинэ сэрвээсэн мах бүтээгдэхүүн нийлүүлж чадвал бид 3 долларын махаа 10 доллараар зарах боломжтой болно.”
УИХ-ын гишүүн Б.Батзориг
Өнгөрөгч 2017 онд Монгол Улс 20 гаруй тонн мах махан бүтээгдэхүүн экспортлосон. Энэ оны хагас жилийн байдлаар 20 мянган тонныг экспортлоод байна. Үүнээс 10,9 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан. 9,6 мянган тонн хөлдөөсөн. 815,2 мянган дайвар бүтээгдэхүүн гаргасан. Энэ жил Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр 60 мянган тонн үхэр адууны мах экспортлоно.
УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ 100% ХАНГАНА
Газар тариалангийн салбарынхан 2018 онд “Газар тариалангийн бүс нутаг”-аа тодорхой тогтоон, зарлаж, үр сортын техникийн шинэчлэл хийсэн. Ингэснээр Атрын III аянаас хойш хийгдсэн бодлогын дэмжлэгтэй томоохон ажил болсон.

Монгол Улсын эдийн засаг уул уурхай хэмээх өрөөсөн хөл дээрээ зогсож байна гэдэг ч нөгөө хөл дээрээ тэгшхэн зогсох боломжыг газар тариалан, мал аж ахуйн салбар бий болгож байдаг. Энэ салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд төрийн бодлого, салбарын хууль эрх зүйн зохицуулалт чухал шаардлагатай байсныг Б.Батзориг сайд богино хугацаанд батлуулж, хэрэгжүүлэх боломжтой болгосон.
Ц.Соёлмаа