Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар 7 бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн 2 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгохоор тусгажээ. Мөн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавигдах шаардлагуудыг шинээр тодорхойлохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх төхөерөмжтэй байх, үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний зохих доод хэмжээг тусгай зөвшөөрөлд тусгах, орц, найрлага, түүхий эд, этилийн слиртийн агууламж ижил, нэг төрлийн согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглох заалтууд оруулсан байна.
Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байх; тус танхимд халуун, хүйтэн зуушаар үйлчлэх болон ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх; үйлчлүүлэгч худалдан авсан согтууруулах ундаагаа зөвхөн зориулалтын танхимд хэрэглэх; 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрийн лонх, савалгаатай нь худалдаж үйлчлэхийг хориглох гэх зэрэг согтууруулах ундааны хэрэглээ, түүний худалдаатай холбоотой үйл ажиллагааны талаарх шинэлэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулах; согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байх; шаардлагатай тохиолдолд насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгах; 21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Сэргэлэн, С.Одонтуяа, Х.Ганхуяг, Ш.Адьшаа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Х.Баделхан нар асуулт асууж саналаа хэллээ. Ингээд гишүүдийн олонхи уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн ХЗБХ-нд анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.
Эх сурвалж: