Тодруулбал газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс орнууд нь тухайн улсын төрийн өмчит үйлдвэрийн газруудаар дамжуулан бүтээгдэхүүнээ хангадаг. Харин импортлогч орнууд өөрийн улсын тусгайлсан төрийн өмчит аж ахуй нэгжээр дамжуулан Засгийн газраас баталгаа гаргасны үндсэн дээр импортоор авч хэрэглэдэг.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, “Чингис хаан” шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагааг эрхлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн охин компани болох “Эрчис ойл” ТӨХХК-ийг байгуулсан.
Гэвч Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан.
Уг заалт “Эрчис Ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан учраас хуульд ийн нэмэлт оруулав.
Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн байдал тогтвортой болж, олон улсын болон үндэсний стандартад нийцсэн онгоцны түлшийг олон улсын зах зээлийн үнээр шууд нийлүүлэх найдвартай боломж бүрдэж манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч байгаа агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй түлшээр хангах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа юм.
Хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн зүгээс бензин шатахуун, онгоцны тийзний үнэ буурах уу гэдгийг лавлаж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хамааралтай байдлаа хуульчлах нь буруу. Агаарын тээврээ хөгжүүлэх шаардлагатай. Агаарын түлшний асуудал агаарын тээврээ хөгжүүлэхэд саад болдоггүй, урагшлуулах, үнэтэй байгааг нь бууруулахад тус болох ёстой гэж үзсэн.
Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг анх гэрээ, хэлэлцээр байгуулахдаа хямдхан хийчихээд дараа нь үнээ өсгөх асуудал гарах вий. Бусад улс орноос түлшний хангамжаа сайжруулах асуудал дээр анхаарах хэрэгтэйг сануулсан юм.
Дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, ОХУ болон бусад орноос нийлүүлж байгаа бүтээгдэхүүний импортын үнээс шууд хамааралтай байдаг. Үүнээс шалтгаалан иргэдэд хүрэх онгоцны тийзний үнэ өндөр байдгийг авиа компаниуд хэлдэг.
Хуулийн төслийг санаачлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон “Өнөөдрийг хүртэл манай улс агаарын тээврийн түлшийг ОХУ-аас авч ирсэн. Бидэнд өөр улсаас бензин авах боломж байхгүй. Харин манай талд онгоцны түлш авах оролцогч нь төрийн өмчийн компани болох юм. Агаарын тээврийн компаниудын авах түлш хямдарснаар нислэгийн тийзний үнэ 10-15 хувиар буурах, хямдрах боломжтой” гэсэн билээ.
Ийнхүү улс орны стратегийн чухал ач холбогдолтой Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд намрын чуулганаар нэмэлт орууллаа.
Эх сурвалж: