Онцлох мэдээ6 мин унших
УИХ-аар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг анх удаа хэлэлцэв

Сэтгүүлч Odnoo
Одоохон...
Онцлох мэдээ6 мин унших

Сэтгүүлч Odnoo
Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн тайлангаа танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлангийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ” гэж заасан байдаг. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр томилогдож, түүнд туслах чиг үүрэг бүхий нэгжийн албан хаагч мөн оны наймдугаар сарын 4-ний өдөр томилогдсон байна.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны 2022 оны буюу анхны тайланг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, үндэсний ажиллагааны хууль эрх зүйн орчны шинэтгэл; Эрүү шүүлт тулгах, хууль бусаар баривчлах, ялгаварлан гадуурхах гэмт хэргүүдийн эрх зүйн зохицуулалтын онцлог, статистикт хийсэн дүн шинжилгээ; Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ; Эрүү шүүлтээс урьдсан сэргийлэх, сургалт, сурталчилгаа; Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн ажил; Дүгнэлт, санал гэсэн бүтэцтэйгээр тайлагнав.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн албан хаагчид нийт 23 байршилд батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хяналт шинжилгээ хийжээ. Тэдгээр газар төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр, өөрийн хүсэлтээр гарч явах эрхээ хязгаарлуулсан хүмүүсийн эрхийн хэрэгжилт мөн алба хаагчдын хөдөлмөрлөх нөхцөлд эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцөлийн асуудлыг судалсан байна. Хяналт шинжилгээний хүрээнд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй нөхцөлд байгаа 1954 хүнээс олон улсын жишиг стандарт, дотоодын хууль эрх зүйн орчны онцлогт уялдуулан боловсруулсан асуумж авчээ. Хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдсон, баривчлагдсан 411 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, 48 ажилтан, алба хаагчтай хүсэлтийнх нь дагуу уулзаж, 209 хүн зөвлөгөө өгсөн бол харьяаллын дагуу 6 гомдлыг шилжүүлэн шалгуулсан байна.
Эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг 8 удаа цахим мэдээллийн хэрэгслээр, 32 удаа олон давтамжтайгаар сурталчлан ажилласан бөгөөд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар тухай бүр цахим хуудсаараа олон нийтэд мэдээлсэн байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны чиг үүргийн хүрээнд зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа, Эрүү шүүлтийн эсрэг конвенцын нэмэлт протоколын шаардлагад нийцүүлэн явуулахад анхааран ажиллаж бүс нутгийн болон олон улсын сүлжээ байгууллагатай олон талт түншлэлийг хөгжүүлэх, үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагуудын бүсийн уулзалтад оролцох, ялангуяа хүний эрх, эрх чөлөө, хязгаарлагдсан газруудад хяналт тавих аргачлалын талаар харилцан туршлага солилцох олон улсын уулзалт үйл ажиллагаануудад идэвхтэй оролцох бодлогыг баримталж байгаагаа Я.Цэлмэн тайландаа онцлоллоо. Тухайлбал, Эрүү шүүлтийн эсрэг конвенцын нэмэлт протокол болон олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг үр нөлөөтэй, бодитой, хүртээмжтэй зохион байгуулахад нэгжийн алба хаагчдыг чадавхжуулах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг бэхжүүлэхээр НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг зэрэг байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байгаа юм байна.
НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хороо манай улсыг үндэсний урьдчилан сэргийлэх механизмаа байгуулан, бэхжүүлж, дэлхий нийтийн хүний эрхийг хамгаалах үйл хэргийг тогтмол дэмжиж, идэвх санаачилга гаргаж буй явдлыг тухайлан сайшаасан байна. Гэвч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харьцаж, хууль бусаар мөрдөх, нотлох ажиллагаа явуулан олон жилийн ял шийтгэсэн үйл баримт олон нийтэд дэлгэгдсэн талаар тайланд дурдагдав. Хүний халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн ноцтой зөрчлийг илрүүлж, хор хохирлыг засаж залруулах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээсэн болохыг дурдаад “Дахин ийм харамсалтай, хүний үнэт зүйл, мөн чанарыг үгүйсгэсэн харгис хэрэг гаргуулахгүйн тулд эрүү шүүлтийн эсрэг хамтдаа үр дүнтэй тэмцэж, үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг тогтолцооны хувьд бэхжүүлэх нь зүйтэй” гэв.