Үйл явдал3 мин унших
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.27) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 14 минутад эхэллээ.
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, М.Оюунчимэг, Б.Энхбаяр нар ажиллажээ. Ажлын хэсэг төслийн талаар зарчмын зөрүүтэй 35 саналын томьёолол, найруулгын 3 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулснаа танилцууллаа. Зарим нэр томьёоны тодорхойлолтод өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн бөгөөд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын даргад тавигдах шаардлагыг бусад хуульд нийцүүлэх, иргэний нисэхийн дүрмийн талаарх зохицуулалтад өөрчлөлт оруулах, нислэгийн үйл ажиллагааны төрөл түүнчлэн ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулахаар зарчмын зөрүүтэй саналуудыг бэлтгэсэн байна.
Мөн иргэний агаарын хөлгийн багийн талаарх зохицуулалтыг төсөлд нэмэх, хэт хөнгөн агаарын хөлөг, агаарын бөмбөлөг зэрэг зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах, нислэгийн нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг гэрчилгээжсэн төрийн өмчийн хуулийн этгээд гүйцэтгэх, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын зохицуулалттай төслийн зарим зүйл заалтыг нийцүүлэхээр саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба




