Монгол Улс 1992 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш НҮБ-ын тусгай илтгэгчийн Монгол Улс дахь анхны айлчлал нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, УИХ-д өргөн барьсан чухал цаг үетэй давхцаж байгааг Комисс онцоллоо.
Уулзалтаар шүүхийн үйл ажиллагааг иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглах, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийг хэрэглэх чадавхийг нэмэгдүүлэх, шүүгчийн аюулгүй байдал, санхүүгийн хараат бус байдлыг хангах, шүүхийн шийдвэрийн бичилтийг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгүй болгох, шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүйгээр Комиссын хүний эрх хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг асуудлаар талууд санал солилцов.
НҮБ-ын шүүгч, хуульчийн хараат бус байдлын асуудлаарх тусгай илтгэгч Маргарет Л.Саттервайт нь 2023 оны 11 дүгээр сарын 6-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ хугацаанд шүүх, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдал, хуульчийн мэргэжлийн бие даасан үйл ажиллагааг хангах чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн зэрэгтэй танилцаж, ажлын тайлангаа ирэх 2024 оны 06 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд тайлагнах юм.
Эх сурвалж: