Үйл явдал3 мин унших
Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуультай болно

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Их Хурлаас анх 1996 онд Ургамал хамгааллын тухай хуулийг баталж, 2007 онд шинэчилсэн. Гэвч өнөөг хүртэл манай улсад ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалт хангалтгүй байгааг салбарын сайд хэллээ.
Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар хүний өдөрт хэрэглэж буй хүнсний 80 хувийг ургамлын гаралтай хүнс эзэлж байгаа бөгөөд бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн 98 хувийг ургамлаас хангадаг нь тогтоогджээ. Түүнчлэн дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа шувууны махны 72 хувь, өндөгний 43 хувь, гахайн махны 55 хувь нь үр тариа, тосны ургамлаар тэжээсэн гахай, шувууны эрчимжсэн фермээс гаралтай байгаа бол бэлчээрийн мал аж ахуй бүхэлдээ байгалийн ургамлаас хамааралтай байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын худалдаа, аялал жуулчлал хурдацтай хөгжихийн хэрээр дэлхийн ихэнх улс оронд ургамлын хортон шавж, хог ургамал, ургамлын өвчин хурдацтай тархаж, таримал болон байгалийн ургамалд эрсдэл учруулж байна. Энэ нь хүнсний хангамж, аюулгүй байдал болон байгаль орчинд үлэмж хохирол учруулж болзошгүй төдийгүй худалдаа, эдийн засагт нөлөөлөх болсон. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хийсэн судалгаанд дэлхий даяар жил бүрийн тариалангийн ургацын 40 хувийг ургамлын өвчин, хортноос болж алддаг гэсэн тооцоо гарчээ. Цаашид энэ маягаар ургацаа алдвал хүнсний хангамж багасаж, тариаланчдын орлого буурах, экосистемд сөргөөр нөлөө үзүүлэх зэргээр үр дагавар үүсэх эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс улс орнууд ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хорио цээр, эрүүл ахуйн хууль тогтоомж, тогтолцоог сайжруулах замаар ургамлын өвчин, хортныг нутаг дэвсгэртээ нэвтрэх, тархахаас сэргийлэхэд анхаарах болжээ.
Хуулийн төсөл нь 4 бүлэг, 28 зүйлтэй бөгөөд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын мэдээллийн санг үүсгэх, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага болон холбогдох бусад этгээд мэдээлэл оруулах, мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлэх шинэ зохицуулалтыг тусгасан байна. Мөн Ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ, хөнөөлт организмын гаралт, тархалтын талаарх мэдээллийг дотоод болон гадаад орон, бүс нутгуудад харилцан солилцох, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ургамал хамгааллын үндэсний байгууллагыг Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулахаар тусгажээ.
Түүнчлэн Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хангагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнс үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ гэдгийг салбарын сайд танилцууллаа.