Онцлох мэдээ12 мин унших
Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл өглөө

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ12 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЭхлээд Засгийн газраас 2023 оны арван нэгдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулсан.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.10-т “хүнсний аюулгүй байдал” нь Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж заасан ба ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын асуудал нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн гол үйл ажиллагаа хэмээн төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд дурдав. Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний 65 хувийг ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг тул ургамлын эрүүл мэндийн асуудал нь нэн чухал гэж үзсэн байна. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хэлэлцэж буй хуулийн төслийн талаар тусгасныг Х.Болорчулуун сайд танилцууллаа.

Ургамал хамгааллын тухай хуулийг анх 1996 онд баталж, 2007 онд шинэчилэн найруулж, өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа юм. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагуудын бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг голлон зохицуулсан ч ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалахад чиглэсэн зохицуулалт хангалтгүй гэж төсөл санаачлагч үзжээ.
Түүнчлэн Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш 15 жилийн хугацаанд хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгах, нөгөө талаар байгаль орчин, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдан хөдөө аж ахуйн салбарын хамрах хүрээг тэлж, ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, олон улсын худалдаа нэмэгдсэнтэй холбогдуулан ургамал хамгааллын үйл ажиллагааг боловсронгуй болгоход нэн тэргүүнд даган мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь чухал хэмээн Х.Болорчулуун сайд танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Монгол Улсын цөлжилт анхаарал хандуулах түвшинд байгааг Г.Дамдинням гишүүн хэлээд, төсөлд малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэх, бэлчээр хамгааллын чиглэлээр зохицуулалт туссан эсэхийг асуулаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж байгааг тодруулав. Монгол Улсын газар нутгийн баруун болон баруун урд хэсэг цөлжилтөд нэрвэгдэх эрсдэл нүүрлээд байгаа бөгөөд нийт бэлчээрийн 60 гаруй хувь нь өөрчлөлтөд орсон, цөлжилтийн шинж тэмдэг илэрсэн гэх олон улсын судалгааны дүнг Х.Болорчулуун сайд дурдав. Үүний зэрэгцээ малын тоо толгой түүхэн дээд хэмжээндээ хүрч 71 сая буюу хонин толгойд шилжүүлбэл 120 гаруй сая толгой малтай болоод байгаа аж. Эдгээр нөхцөлөөс улбаалан ургамлын бүрхэвч, бэлчээр өөрчлөлтөд орж байгаа учраас мал аж ахуйн уламжлалт хэв маягаа өөрчилж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх замаар өндөр үр ашигтай болгох чиглэлд салбарын яамнаас олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийг өгсөн. Хэлэлцэж буй төслийн “Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” гэсэн 22 дугаар зүйлд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах; ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалалтай холбоотой олон улсыг хамарсан цахим системд нэгдэх, харилцан мэдээлэл солилцох; ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын сургалтыг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах; ургамлын эрүүл ахуйн үзлэг хийж, дүгнэлт гаргах зэрэг эрхийг хэрэгжүүлэхээр тусгасан гэдэг хариултыг өгөв.

Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын талаар тодруулсан Г.Тэмүүлэн гишүүний асуултад салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт өглөө. Ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллахаар төсөлд тусгасан гэв. Тухайн байгууллага нэн тэргүүнд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын чиглэлээрх бүх мэдээллийг нэгтгэн сан үүсгэх, таримал болон бэлчээрийн ургамлын хөнөөлт организмын тархалт, энэ чиглэлийн хорио цээрийн асуудлыг хариуцах юм байна. Одоогоор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ чиглэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд мэдээллүүдийг нь ургамал хамгааллын үндэсний байгууллагад шилжүүлнэ хэмээн тооцжээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны харъяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр холбогдох зохицуулалтыг хийх аж. Экспортлох ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай бусад эд, материалд ургамлын хорио цээрийн гэрчилгээг импортлогч орны шаардлагад нийцүүлэн ургамал хамгааллын үндэсний байгууллага олгох бөгөөд үүнтэй уялдуулан гаалийн байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг тус байгууллагын харъяанд шилжиж, тус мэргэжлийн багийн дүгнэлтийг үндэслэн зохицуулалттай эд, материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахаас өмнө импортын мэдэгдэл олгох зэрэг ажил, үүргийг гүйцэтгэнэ гэдэг хариултыг ажлын хэсэг өглөө. Ирэх оны төсөв батлагдсан учраас 2024 онд ургамал хамгааллын үндэсний байгууллагыг тухайн онд багтаан байгуулах боломжгүй ч 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэх үеэс энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөөд байгаа талаараа Х.Болорчулуун сайд хэллээ. Бүтцийн хувьд Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэцтэй дүйцэхүйц байхаар тооцсон гэв. Аймаг, нийслэлд бүтэц байгуулж, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үзсэн байна.

Шинээр агентлаг байгуулах асуудлыг хуулийн төсөлд тусгаснаар Төрийн хэмнэлтийн тухай хууль болон төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулах бодлоготой зөрчилдөж байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар сануулаад, Засгийн газрын саналын талаар тодруулав. 2008 онд Монгол Улс Ургамал хамгааллын олон улсын конвенцод нэгдэн орсон, энэ хүрээнд ургамал хамгааллын үндэсний байгууллагатай байх шаардлага үүссэн гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өглөө. Хуулийн төслийг боловсруулах явцад үүнтэй холбоотой 11 орон тооны 850 сая орчим төгрөгийн зардлын тооцоо, саналыг Сангийн яаманд танилцуулахад татгалзаагүй, Засгийн газар дэмжсэн гэв. Ирэх оны төсөвт холбогдох асуудлыг тусгаагүй учраас 2024 онд байгууллага хоорондын уялдаа холбоог хангах байдлаар зохицуулан ажиллах боломжтой гэж тооцсон байна. Б.Бейсен гишүүн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эмийн ургамлыг хамгаалах, тариалахтай холбоотой ямар зохицуулалт туссан талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 69.2 хувь нь Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаар”-х мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрбээр Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Архангай, Завхан аймгийн 11 суманд ажиллан өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнтэй танилцсан болохоо хэллээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрсэн, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс зуд эхэлсэн, 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгаа гэв. Үүсээд байгаа бэрхшээл нь зөвхөн малчин, тариаланчдын асуудал биш, улс орны хүнсний хангамж, нийлүүлэлт, эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарын хувь заяатай холбоотой гэдэг мэдээллийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг танилцуулав.

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээр нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон, хүйтний эрч улам чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл тогтох зэргээс үүдэн 2023-2024 оны өвөлжилт асар хүнд байгаа, хаваржилт нэн хүндрэх төлөвтэй байна гэдэг мэдээллийг танилцууллаа. Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд нэн их, их, 26 хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэж гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул цас их орсон аймгуудын малчдад малаа ангилж ялгах, шаардлагатай хэрэгцээнд нөөцлөх уриалга гаргажээ. Үүсээд байгаа нөхцөл нь малчид, Засгийн газар хоорондоо шийдэхэд хүндрэлтэй байгаа тул орон даяар малчдад туслах аян эхлүүлсэн гэв.

Үргэлжлүүлэн Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулав. Комиссын 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар орон нутаг руу шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, малчдын бэлтгэсэн махыг зах зээлийн эргэлтэд оруулах, малын тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээг малчид, иргэдэд илүү ойртуулах, мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүрэг чиглэлийг салбарын яамдад өгч, хэрэгжилтийг ханган, хяналт тавьж, гүйцэтгэлийг дүгнэн ажиллаж байгаа гэлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж байгаа аж.
Өвсний экспортыг 2023 оны 9 дүгээр сард, тэжээлийн экспортыг энэ оны 12 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл хориглосон байна. Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй, санхүүжилтийн эх үүсвэрийг олгохоор Засгийн газар шийдвэрлээд байгаа аж. Иймд салбарын яам холбогдох зохион байгуулалтыг хийж байгаа гэлээ. Малчид олон тооны малыг мах болгон бэлтгэсэн ч худалдан авалт хангалтгүй, тээврийн зардал өндөр, хадгалах зоорь байхгүй байгаа гэх мэдээлийг С.Амарсайхан сайд танилцууллаа. Иймд Улсын онцгой комисс, салбарын яамнаас мал, мах худалдан авдаг, боловсруулдаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран сум, баг, аймгийн хэмжээнд бүсчилсэн явуулын худалдан авах цэг зохион байгуулахаар ажиллаж байгаа, улмаар тээвэрлэлт, түлш, шатахууны чиглэлээр дэмжлэг үзүүлэх ч нөхцөл үүсэх магадлалтай гэлээ.
Түүнчлэн Шадар сайд Төрийн хэмнэлтийн хуулийг өөрчлөх шаардлагын талаар саналаа танилцуулсан. Энэ хуулийн хэрэгжилтийн улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 57 сум автомашингүй, түлш, шатахуун авч чадахгүй байгаа аж. Дээрх хуулиар аймаг, сум төсвөө захиран зарцуулж, орон нутгийн хэмжээний асуудлуудаа шийдвэрлэх нь хориотой байгаа гэлээ. Зарим лаборатори урвалж бодисоо ч худалдан авах боломжгүй болоод байгааг дуулгасан. Цар тахлын уршгийг арилгах зорилгоор Төрийн хэмнэлтийн хуулийг баталсан нь үр нөлөөгөө өгсөн, гэхдээ өнөөгийн нөхцөлд эрсдэл үүсгэж байгааг тайлбарлав.
Завхан аймгийн Арц суурийн хилийн боомт төдийгүй баруун аймгийн боомтуудаар импортолж буй малын тэжээл, гурил, шатахуунны татварыг хөнгөлж, чөлөөлөх шийдлийг гаргахгүй бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр Улаанбаатараас хүргэж буй энэ төрлийн болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол, тээврийн зардлаас үүдсэн хэт өндөр үнэтэй байгаа нь олон сөрөг үр дагавартай байгааг танилцууллаа. Улаанбаатар хотоос үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлээд хүргэхэд 2 дахин илүү үнэтэй болдог гэв. Үүний оронд боомтуудаараа дамжуулан хямд үнээр бараа, бүтээгдэхүүн авах боломжтой аж. Улаанбаатар хотод 35-40 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа тэжээлийг боомтоор дамжуулан авахад 15 мянган төгрөгийн үнэтэй болж байгаа гэлээ. Иймд шаардлагатай тохируулгыг хийж, хил гаалийн асуудлыг цэгцлэх үүднээс Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлээд байгаа аж. Үүн дээр холбогдох яамд анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авах шаардлага бий гэлээ.
Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Ц.Туваан, Н.Наранбаатар нар асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос холбогдох тогтоолын төслийг боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ж.Батжаргал гишүүн танилцууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, саналаа илэрхийлсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 63.6 хувь нь "Өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив. Үүгээр хуралдаан өндөрлөлөө.