Үйл явдал3 мин унших
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.01.15/ хуралдаан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын зургаан гишүүнээс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснийг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй гурван санал бэлтгэснийг танилцуулав.Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь өртөг, зардал өндөр байдаг тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлж, аж ахуйн нэгжид бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр салбарын яам уг хуулийг баталсан тохиолдолд хэрэгжүүлэх боломж, бололцоо бий эсэхийг лавласан.
Ингээд Байнгын хорооны дарга Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасныг дурдаад эхлээд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулах, эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба






