Үйл явдал12 мин унших
Нүүрсний нээлттэй сонсголын хяналт шалгалтын тайланг танилцууллаа

УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг танилцууллаа.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр, Хянан шалгах түр хороо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-иудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийсэн талаар дурдаад, тухайн компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3.1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсныг дэлгэрэнгүй танилцуулав.Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн хувьд, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 51 хувийн хувьцаа эзэмшигчийн төлөөллөө үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, зарим улс төрд нөлөө бүхий этгээд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүдийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн компани их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж байсан, ажлын гүйцэтгэгч, бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох хуулийг мөрдөөгүй, нүүрс худалдан авагчийг хэрхэн сонгон шалгаруулж байсан нь тодорхойгүй, ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ, их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ, хэлцэл болон ажил гүйцэтгэгч, нүүрс худалдан авагчийн жагсаалтыг баталж ирсэн, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.
Архивын сан хөмрөгийн бүрдэл, бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй, устгасан болон цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөл байдал нь хяналт шалгалтын цар хүрээг хязгаарлахад хүргэж байсныг тэрбээр онцолсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш орлого, ашгаасаа Төрийн шийдвэрээр нийт 1,196.5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулсан, энэ нь компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ бие даан шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж, компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, компанийн үнэ цэн, олон улсын зах зээлээс санхүүжилт босгох, сайн засаглалыг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн, Цанхийн хэсгийн батлуулсан ТЭЗҮ-д тусгасан нэмүү өртөг шингээх төслүүдийн хэрэгжилт хангалтгүйгээс нүүрсний III, IV давхаргын сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон (нийт олборлосон нүүрсний 92% нь коксжих нүүрс) олборлосон нь хууль зөрчсөн хэмээн дүгнэлээ.
Мөн 2011-2023 онд нийт 944 гэрээгээр 13.3 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас хяналт шалгалтад 500 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нийт 11.5 их наяд төгрөгийн 92 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хамруулан нягтлахад 4.8 их наяд төгрөгийн дүн бүхий 40 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа хуульд нийцээгүй нь тогтоогдсон байна. Үүний дотор 2011-2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан тус компанийн архивт байхгүй байжээ. Түүнчлэн тус компани 2011-2023 оны 10 сар хүртэл хугацаанд 398 гэрээгээр 110.1 сая тонн буюу 20.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд борлуулалтын нийт гэрээний сарын дундаж үнийг тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй нь харьцуульж зөрүүг тооцоход алдагдсан боломжийн зардал ойролцоогоор 826.4 сая ам.доллар байна. Засгийн газраас 2010 онд хувьцааны үнэлгээг зөвлөх үйлчилгээний компанитай хамтран тогтоох үүрэг өгсөн боловч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй Тавантолгойн ордод үнэлгээ хийж компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохгүйгээр нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцсон нь алдаатай байна гэж Хянан шалгах түр хороо дүгнэжээ. Мөн Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд “Бонд гаргаж, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж заасан боловч үнэт цаасны арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн 42.0 хувийг гэрээт олборлогчдын төлбөрийг барагдуулахад зарцуулсан байна.Компани, төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, кокс-эрчим хүчний үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хамаарах, нэмүү өртөг шингээх найман төсөлд нийт 5,024.7 тэрбум төгрөг, Засгийн газар, ТУЗ-ийн холбогдох шийдвэрийн дагуу компанийн үндсэн үйл ажиллагаанд үл хамаарах Богдхан төмөр зам, Газрын тос дамжуулах хоолой зэрэг төсөлд 463.2 тэрбум зарцуулж, Тавантолгой түлш ХХК-д 1,069.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-д нийт 63.3 тэрбум төгрөгийн зээл тус тус олгосон байх агаад төмөр замын таван төсөлд мөнгөн хөрөнгө болон нүүрсээр нийт 4,643.3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгснөөс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл бүрэн хэрэгжиж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд Богдхан төмөр замын төсөл судалгааны ажлын түвшинд зогсжээ.
Эдгээр төслийн захиалагч болох “Монголын төмөр зам” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд ерөнхий гүйцэтгэгч Барилга, инженерийн цэргийн удирдах газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Бодь интернэшнл” ХХК-тай шууд гэрээ байгуулсан, холболтын төмөр замын 218.0 тэрбум төгрөгийн, Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн төвийн 217.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЕРС гэрээг магадлалаар баталгаажуулаагүй зураг төсөл, үнийн дүнд үндэслэн байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ТЭЗҮ-ийн дүнг үндэслэн гэрээний үнийн дүнг 95.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нийт 2.3 сая тонн ачаа тээвэрлэсэн хэдий ч зүтгүүр, вагоны тоо хангалтгүйгээс төмөр замын ашигт ажиллагаа ТЭЗҮ-д заасан хэмжээнд хүрээгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нийт 488.4 мянган тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд одоогоор зураг төслийн ажил үргэлжилж буй хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор эхний жилд 10.6 сая тонн, хоёр дахь жилд 21.1 сая тонн, гурав дахь жилд 26.4 сая тонн, 4-20 дахь жилүүдэд тус бүр 31.9 сая тонн, 21-30 дахь жилүүдэд тус бүр 50.2 сая тонн нүүрс тээвэрлэхээр байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авч, экспортолсон аж ахуйн нэгжүүдэд олгосон “С” төрлийн зөвшөөрлийн бичгийн 2010-2017 оны анхан шатны бичиг баримт төрийн байгууллагуудад хадгалагдаагүйгээс хяналт шалгалт хийх боломжгүй, “С” зөвшөөрлийн бичиг олголтын үйл ажиллагаа, түүнээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалтад дээд шатны болон хөндлөнгийн аудитын байгууллагаас хяналт шалгалт хийгдээгүй, холбогдох ажлын хэсгийн дарга нар нь ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байсныг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулгадаа дурдав.
Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын гаалийн байгууллага экспортолсон нийт нүүрсийг бүртгэхдээ тухайн худалдан авч буй талын бүртгэлтэй улсын нэрээр статистик мэдээлэлд оруулдгийг тайлбарлаад, манай улсаас БНХАУ-аас бусад улс орнууд руу экспортолж буй нүүрс нь БНХАУ-ын хилээр гарч бүртгэгдэж байгаа бөгөөд тус улсын гаалийн байгууллага хэрхэн бүртгэж байгааг тодорхойлох боломжгүй байсныг дурдсан юм. Хятадын нүүрсний экспорт, импортын статистик мэдээллийн платформ дахь Монгол Улсаас импортолсон нийт нүүрсний хэмжээг Дэлхийн банк, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын статистикийн нэгдсэн мэдээллийн платформ дахь мэдээлэлтэй харьцуулахад зөрүү нь 39 мянган тонн гарчээ.
Мөн манай улсын 2013-2022 оны хооронд экспортолсон нийт нүүрсний биет хэмжээг, Хятадын нүүрсний экспорт, импортын статистик мэдээллийн платформ дахь Монгол Улсаас импортолсон нүүрсний тоон мэдээлэлтэй тулган шалгаж, БНХАУ-аас бусад улс орон руу экспорт хийсэн дүнг оруулж тооцоход 980.0 мянган тонн илүү, оруулаагүй тохиолдолд 6.1 сая тонн дутуу гарсан байна.
Цагаан хадны бүсэд байрлах нүүрс ачих, буулгах 36 терминалын пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон Гаалийн ерөнхий газрын CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг MS Access программ уншуулан тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн “С” зөвшөөрөл бүхий 487 хуулийн этгээдээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байгааг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр дүгнэлтдээ онцлов.
Сэтгүүлч soyolmaa



