Үйл явдал4 мин унших
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүд хил, гаалийн нөхцөл байдалтай танилцлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаГаалийн ерөнхий газрын харьяа ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын удирдлагууд Хянан шалгах түр хорооны гишүүдэд танилцуулга мэдээлэл хийсэн. Уулзалтын эхэнд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны чиглэл, зорилгын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд баталж, хянан шалгах түр хороод ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Эмийн түр хороо анх 2022 онд байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахлан ажиллаж байсан. Хуулиараа түр хороо зургаан сарын хугацаанд ажиллах ёстой бөгөөд хугацааг нэг удаа сунгадаг, 12 сараас дээш хугацаагаар сунгах боломжгүй эрх зүйн зохицуулалттай. Тиймээс түр хороо дахин байгуулагдах үед үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхөөр болсон бөгөөд эмийн чанараас гадна үнийн өсөлтийн шалтгааныг давхар судалж, нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, хянан шалгах үйл ажиллагаа явуулж байна” гэж мэдээлэл өглөө. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн хэрэгслийн 80 гаруй хувь нь импортоор орж ирж буй учраас ард иргэдийн хүлээлтэд нийцсэн чанартай, боломжийн үнэтэй эмийг зах зээлд нийлүүлэхийн тулд тогтолцоогоо хэрхэн сайжруулах талаар санал солилцоход ач холбогдол өгч байна гэдгээ түр хорооны дарга Ж.Чинбүрэн онцлон дурдлаа.

Гаалийн ерөнхий газрын харьяа ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны дарга Б.Отгонцэцэг эм биобэлдмэлийн хяналтын талаар танилцуулсан. Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч батлагдсан 6 орон тоогоор ажиллахаас, одоогийн байдлаар 4 гаалийн байцаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж. Чингис хаан олон улсын нисэх буудал дээрх 4 ээлж, карго терминал, Буянт-Ухаа дахь эмийн баталгаат агуулахад хяналт тавьж ажиллахад Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан байцаагчдын тоо хүрэлцээгүй, ажлын ачаалал их байдаг талаар ярьж байлаа.


Улаанбаатар хот дахь Гаалийн хорио цээрийн албаны Эм биобэлдмэлийн хяналт нь Олон улсын гэрээ хэлэлцээр, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улаанбаатар хот дахь гүний гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн оношлуур, эмийн түүхий эдэд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналт тавих, гүний хяналтын талбайд хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Энэ үеэр цаашдаа хэрэглээний төрлийн эм тариа ( хавдрын эм, гоо сайхны төрлийн эм бэлдмэл, зорчигчийн хэрэглээний эм гэх мэт)-ны бүртгэлийг албажуулах эсэх, бүртгэлийн загварыг өргөн хэмжээнд болгох, эмийн хэмжих нэгжийг нэгдсэн нэг болгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар яригдаж байлаа.


Уулзалтын төгсгөлд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн удаа дараагийн танилцах уулзалт, хянан шалгах ажиллагаа нь ард иргэдэд илүү чанартай эм, бэлдмэлийг боломжийн үнээр хүргэхийн тулд тогтолцоог хэрхэн яаж сайжруулахтай холбоотой гарц хайхад чиглэгдэж байгаа гэдгийг онцлоод нээлттэй хамтран ажиллахыг хүслээ. Улсын Их Хурлын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо 2024 оны 03 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг [email protected] цахим шуудан, D.Parliament.mn emiinsonsgol.mn цахим хуудас болон 51-261440 дугаарын утсаар хүлээн авч байгаа юм.