#Коммент2 мин унших
Ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөллөө

Монгол Улсын 2027 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Засгийн газраас 2027 оныг эрүүл мэндийг дэмжигчид болгон зарлаж, салбарын санхүүжилтийг үр дүнд чиглүүлэх эрт илрүүлэг болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарна гэдгээ мэдэгдсэн.
Ирэх онд эрүүл мэндийн салбарт хийгдэхээр төлөвлөгдсөн гол гол ажлууд төсөвт тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийн талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Батшугар мэдээллээ.
240 мянган иргэн эмээ үнэгүй авах боломж бүрдлээ
Тухайлбал, ирэх он ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлж, иргэндийг эмийн үнийн дарамтаас чөлөөлөх юм. Энэ хүрээнд 240 мянган иргэн шаардлагатай эмээ үнэгүй авах боломж бүрдэж байна. Ингэснээр тухайн иргэний эм ямар нэгэн байдлаар тасалдахгүйн дээр хүртээмж ч нэмэгдэнэ.
Эмийн сан байхгүй хороо, сумдад санхүүгийн хөшүүргээр шинээр эмийн сан бий болгоно. Үүнтэй холбоотойгоор 7 мянган иргэнтэй хорооны анхан шатлалын эмнэлэг хүн амынхаа бүртгэлийг 90-ээс дээш хувьд хүргэвэл ЭМД-ийн сангаас 20 хувийн давхар санхүүжилт буюу бонус авна. Тодруулбал, ямар иргэн даралттай байна, ямар иргэнд чихрийн шижинтэй байна, хэдэн жирэмсэн эх байна гэх мэтчилэн иргэдийнхээ эрүүл мэндийн эрсдэлийг дүгнэх нь өвчин хүндрэхээс нь өмнө эмчлэх бололцоог нь олгож байгаа юм.
Улсын хэмжээнд 45 эмнэлэг барина
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Тухайлбал, 21 аймагт эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх, яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах төслүүд хэрэгжинэ. Энэ хүрээнд 21 аймгийн эмнэлгүүдийн өргөтгөл хийгдэнэ. Мөн эрчимт эмчилгээний тасгийг нь шинээр нээж, эмч эмнэлгийн ажилтнуудыг сургах чиглэлд анхаарна.
-Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийг түшиглэн Зүрх судасны үндэсний төв барилгын ажил эхэлнэ.
-Эд эс эрхтэн шилжүүлэх үндэсний төв ирэх онд ашиглалтад орно.
-“Хавдар судлалын үндэсний төв 2”-ийн ажлыг эхлүүлэхээр зэхэж байна.
Эдгээр шийдвэр нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй хүргэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний зардлаас үүдэх санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэж буй. Эрүүл мэндийн салбарын төсөв бол зөвхөн салбарын санхүүжилт биш. Энэ бол иргэн бүрийн эрүүл мэнд, амьдралын чанар, ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэдийг салбарын сайд Э.Батшугар онцоллоо.
Эрүүл мэндийн салбарын онцлох 3 үр дүн
| Ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлж, иргэн таныг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө. |
| 103 тэрбум төгрөг иргэдийнхээ дансанд үлдэнэ. Эрүүл мэндийн үйлчилгээнд төлөх иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулна. |
| Улсын хэмжээнд 45 эмнэлэг барина. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ. |
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
