Нэгдүгээрт, бид маш богино хугацаанд уул уурхайн бус экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам дээр тулгуурлан тодорхой санал, санаачилгуудыг гаргаад явж байна. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэгчдийн зах зээлийг тэлэх, зөвхөн дотооддоо борлуулалт хийх бус олон улсын зах зээлд гарах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах юм. Үүний тулд төрд буй дата мэдээллийг хэрхэн, яаж ашиглах талаар тодорхой санаачилгуудыг боловсруулаад явж байна.
Хоёрдугаарт, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай холбоотой гэдэг утгаар, АН засагт орсноор бид гуравдагч улс орнуудаас орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг хийх ёстой. Тодруулбал, уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийн цикл нь 2005-2011 оныг хүртэл эрчимтэй явагдаж, гаднын хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотын гудамжаар холхиж байсан цаг үе. Яахав тухайн үед олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ нэмэгдсэнтэй ч холбоотой. Гэхдээ Монгол Улсыг гаднын зах зээлд сурталчлах ажлыг тухайн үеийн муу нэртэй "Ivanhoe Mines Ltd"-ын гүйцэтгэх захирал нь Robert M. Friedland тэргүүтнүүд хийж өгсөн. Тэгвэл энэ удаад дахин өсөлт, тэлэлтийн үе ирлээ гэж үзэхэд эдийн засгаа гадаад зах зээлд сурталчлах, гаднын зах зээлээс хөрөнгө оруулалт, технологи, ноу- хауг татах ажлыг бид өөрсдөө манлайлан хийх нь чухал. Ингэж гэмээ нь дээр дурдсан эдийн засгийн өсөлтөд богино хугацаанд хүрэх боломжтой гэж харж байна.
Түүнчлэн НҮБ-ын цөлжилттэй тэмцэх "СОР17" хурал 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах товтой байна. Эх орондоо "СОР 17" хурлыг зохион байгуулах нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, анхаарлын төвд ороход чухал үйл явдал учир бодлогын түвшинд ач холбогдол өгч байна. Түүнчлэн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх нэрийдлээр карбоны зах зээлд нэвтрэх байдлаар гаднын хөрөнгө оруулалт татах ч боломжтой.
Гуравдугаарт, орон сууцны бодлого нь эдийн засагт өндөр ач холбогдолтойн дээр иргэдийн амьдрах орчинд үлэмж хэмжээний нөлөөтэй. Тиймээс ирэх 4 жилийн хугацаанд 150 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна. Нэг ёсондоо, ипотекийн зах зээлийг хэрхэн, яаж зөв гольдролоор нь явуулах юм, хувийн хэвшлийнхний оролцоог хэрхэн үр өгөөжтэй байдлаар хангах вэ гэдэг дээр төвлөрч байна.
Парламентын гишүүн болж ажиллаад богино хугацаа өнгөрч байгаа ч нэг зүйл анзаарагдсан. Манай эрх баригч нам буюу олонхын бүлэг хэт "муу зан"-д сурсан байна. Учир нь сүүлийн найман жил үнэмлэхүйн олонхоор УИХ болон Засгийн газар дээрээ шийдвэр гаргаж ирсэн. Тэр утгаараа бүлэг эсхүл намын байран дээрээ асуудлыг шийдчихээд дараа нь чуулганы танхимд оруулж ирдэг тал ажиглагдсан. Нэг үгээр хэлбэл, УИХ- ын чуулганы хуулийн хэлэлцүүлгийг өнөөдрийг хүртэл ёс төдий явуулж ирсэн гэсэн үг.
Сүүлийн найман жил дангаараа шийдвэр гаргаад дасчихсан олонх маань нийгмийн олон төлөөллөөс бүрдсэн "олон өнгө"-тэй парламент бий болсонд цочирдоод байх шиг. Шинэ гишүүд дэгийн тухай хуулиа мэдэхгүй, чадахгүй байгаа асуудал огт байхгүй. Харин дэгийн тухай хуулиар шалтаглаж шинэ гишүүдийн үзэл бодлыг хумихыг зорьж, олон ургалч үзлийг боомилохыг оролдож байна! Энэ байдал нь зөвхөн нэг удаад бус хуулийн төслийн бүхий л хэлэлцүүлэг дээр анзаарагдсан учраас ийн цохон хэлж байгаа юм. Төсвийн тухай хуулийг цаашид ямар дэгээр хэлэлцэх юм, УИХ-ын дэгийн тухай хуулийг цаашид хэрхэх юм гэдэг дээр гишүүд байр сууриа илэрхийлээд явж байна.
Цаашид олонхын бүлэг маань нэгэнт үүссэн парламентын шинэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дураараа дургих орон зай нь хумигдсан гэдгийг ойлгомоор байна. Ээлжит бус чуулганаар явагдсан төсвийн тодотгол, төсвийн хэлэлцүүлэг бол үнэхээр хумигдмал байдалтай явагдсаныг олон нийт харсан. Бодит хэлэлцүүлэг өрнүүлээд асуудлыг цаашид засан залруулаад явах бус өөрсдийн асуудлыг хүч түрэн батлах сонирхол нь давамгай байгаа нь ажиглагдаж байна.
Эх сурвалж: