Үйл явдал2 мин унших
“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ 2025-2030” ТӨСЛИЙН II ҮЕ ШАТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанийг өнөөдөр (2025.05.06) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулж буйд талархал илэрхийлсэн.
Хатагтай Сандра Шуфани Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр бусад улс оронд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Улмаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатыг 2019-2023 онд амжилттай хэрэгжүүлж, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин болоод туслалцаа үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж, анхаарч ажилласан ХЗДХЯ-ны удирдлагын бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийллээ.

