Уулзалтаар гудамж талбайд эмх замбараагүй тавигдсан мопед, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгох, хүний хөдөлгөөн ихтэй бүсүүдэд скүүтэрийн хурдыг цагт 8-10 км-ээс дээш хурдлахгүй байх тохиргоог хийх боломжтой эсэхийг судлахыг үүрэгдлээ. Уг ажлыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт даалган аж ахуй нэгжүүдийн саналыг тусгаж, нэгдсэн саналаа ирэх долоо хоногийн лхагва гарагт танилцуулахыг даалгалаа.
НИТХ-ын дарга А.Баяр “Монголд анх мопед, скүүтэрийн хэрэглээ орж ирэхэд дүүргүүд манайд байршуулаад өгөөч гэж хүсэлт гаргадаг байсан. Одоо харин хэзээ, хаанаас скүүтэртэй хүн гарч ирээд миний хүүхдийг, аав, ээжийг, намайг мөргөчих бол гэсэн айдастай боллоо. Скүүтэрт мөргүүлээд маш хүнд гэмтээд насан туршдаа босож ирэхээргүй болсон хүн ч олон байна. Явган хүний зам дээр замбараагүй тавигдсан мопед, скүүтэрээс болж хүүхдийн тэрэгтэй, харааны бэрхшээлтэй иргэд явах нөхцөл алга. Тиймээс бид энэ асуудлыг цэгцлэхдээ нэг талын шийдвэр гарахаас илүүтэйгээр аж ахуй нэгжүүдийнхээ саналыг авч, нэгдсэн шийдвэрт хүрч хамтарч ажиллана” гэв.