УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Хөвсгөл аймаг, Ханх сум тойрогтоо ажиллах үеэр “Ханх Мондын хилийн боомт”-ын үйл ажиллагаатай /2025.07.28/ УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын хамт танилцлаа.
Ханх боомт нь ОХУ-ын “Скинскы район”-той хиллэх бөгөөд оргил ачааллын үедээ аялал жуулчлал, загас агнуур, худалдаа хийх зорилгоор, өдөрт 120-160 тээврийн хэрэгслийн нийт 500-550 зорчигч, сардаа 15 мянга гаруй зорчигчдыг нэвтрүүлж байна.
Жил ирэх тусам аялагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа нь хилийн шалган нэвтрүүлэх ачааллыг нэмэгдүүлж, оочер дараалал үүсгэн, зорчигчдыг бухимдуулж байгаа учраас дэд бүтэц, хилийн шалган нэвтрүүлэх байрыг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч буй талаар тус боомтын удирдлага, алба хаагчид хэлж байв.
УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын “Боомтын сэргэлт”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хатгал Ханх чиглэлд 186 км хатуу хучилттай авто зам барих ажлын ТЭЗҮ боловсруулан, зураг төслийг гүйцэтгэж буй.
Тус зам тавигдсанаар Ханх Мондын боомтоор нэвтрэх жуулчдын тоо, ачаалал 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Ингэснээр хилийн боомт дагасан хотыг хөгжүүлэх боломж бий болж:
• Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах
• Логистикийн зангилаа байгуулах
• Орон нутгийн ЖДҮ, үйлчилгээний салбарыг дэмжих
• Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар дэд бүтцэд хөрөнгө оруулах
• Бүс нутгийн интеграцчлал хөгжих зэрэг олон боломжууд нээгдэх юм.
Иймд Ханх Мондын боомтод тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.