Монгол түмний соёлын өв болсон үндэсний бөхийг байгалийн аялал жуулчлалтай уялдуулан сурталчлах зорилготой “Монгол бөх – 2025” наадам нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын үзэсгэлэнт Уйлган голын хөндийд /2025.07.23/ хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэхүү наадам нь зөвхөн спортын арга хэмжээ бус нутгийн онцлогийг харуулсан брэнд баяр болон хөгжиж байгаа бөгөөд Цагаан-Үүр сум, тэр дундаа Уйлган голын хөндий бол монгол бөхийн домогт түүхийг бичилцсэн хүчтэний өлгий нутаг юм.
Энэ нутгаас Дарийн Дамдин, Жамсрангийн Цэвээнравдан, Чойжилын Бээжин зэрэг гурван аврага цолтон, Цэрэннадмидын Бадамсэрээжид хурц арслан, Улсын гарьд Дамдингийн Баяраа, Улсын харцага Далайцэрэнгийн Лхагва-Очир болон Ц.Ванчинхорлоо, Ш.Ванчин, Д.Лхагва-Очир, Т.Бат-Эрдэнэ, А.Өлзийбаяр, Ц.Жадамбаа, Б.Баттогтох нарын улсын начин цолтон төрөн гарсан.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хойд бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд энэхүү наадмыг үе шаттайгаар уламжлал болгон зохион байгуулах болон орон нутгийн онцлог, бахархлыг сурталчлах бодлогыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.