Үйл явдал1 мин унших
Тайланд улстай агаарын тээврийн салбарт илүү өргөн хүрээтэй хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.08.01) Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа өргөмжит консул П.Натапонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтран ажиллах тухай санал солилцлоо.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа агаарын тээврийн салбарт илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах, хоёр улсын хоорон дахь нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын ангиллыг дээшлүүлж, олон улсын 4С ангилалд хүргэх чиглэлд хөрөнгө оруулах боломжуудын тухай хэлэлцлээ.

Мөн иргэний нисэхийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, инженер техникийн ажилтан алба хаагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, нисэхийн сургалтын төв байгуулах, цаашид хоёр улсын аялал жуулчлал, эрүүл мэнд, эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллах тухай олон талт асуудлаар санал солилцлоо.
Сэтгүүлч Info
