Үйл явдал1 мин унших
ЭМДС-ийн санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь салбарын шинэчлэлийн чухал зорилтуудын нэг юм.
Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын алба (NHIS)-ны Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх” төсөл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
БНСУ нь бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлж, шимтгэлийн орлого бүрдүүлэлт, сангийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр арвин туршлагатай.
Бид энэхүү туршлагаас суралцаж, Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын дунд болон урт хугацааны төсөөлөл, санхүүгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, мэдээллийн удирдлагыг сайжруулахад онцгой анхаарна.

Мөн төслийн үр дүнг зөвхөн сургалт, туршлага солилцох хүрээнд хязгаарлахгүйгээр сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний замын зураглал, бодитой аргачлал, зөвлөмж болгон ажил хэрэг болгох нь чухал.
Эрүүл мэндийн яам төслийн хэрэгжилтийг бодлогын түвшинд дэмжиж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог ханган ажиллана.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
