Үйл явдал2 мин унших
ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБАН ХААГЧИЙН НӨХӨН ОЛГОВОР 70/30 БАЙСНЫГ 80/20 БОЛГОЖ, ТОГТООЛЫН ТӨСӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛЫГ БОЛОВСРУУЛНА

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.08.19/ болж, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай “Энхийг дэмжих ажиллагааны шинэчилсэн журмуудын тухай, “Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд “Энхийг дэмжих ажиллагааны шинэчилсэн журмуудын тухай” журмын төслийн танилцуулгыг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба танилцуулж, анхны хэлэлцүүлгийг сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд нийт зөвлөлийн гишүүдийн дунд асуулт хариулт явагдаж, үүний дараа тусгах саналын томьёоллоо ирүүлсэн юм.
Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн гишүүдээс энхийг дэмжих ажиллагаатай холбоотой шинэчилсэн журмуудын хүрээнд журмын заалтад нийцэхгүй зарим найруулгын алдааг засварлах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэлтийг хараат бус, бие даасан байдлыг бий болгож цахимжуулах, тавигдах шаардлагад сэтгэлзүйн сорилыг тусгах, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчийн НҮБ-аас олгодог нөхөн олговрын хэмжээ 70/30 байсныг 80/20 болгох зэрэг саналуудыг оруулж, дэмжсэн.
Нөхөн олговрыг 80/20 болгох саналын тухайд, энхийг сахиулагч нар үүрэг гүйцэтгэхдээ Монгол дахь цалингаа 100%, хилийн чанадад байх хугацаандаа НҮБ-аас тогтоосон нөхөн төлбөрийн 70 хувийг хувьдаа, 30 хувийг сургалт, бэлтгэлийг хангах зориулалтаар “Хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэгчийн амьдралын баталгаа болсон уг нөхөн олговрын үүрэг гүйцэтгэгчид олгох хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй сайдын зөвлөлийн гишүүд үзэж, Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах саналын бэлтгэл ажлыг хийхийг холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.
Хуралдааны төгсгөлд, НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын зэвсэгт хүчний XV ээлжийн Мотобуудлагын батальоны удирдлагыг танилцуулснаар Батлан хамгаалахын сайдын анхдугаар хуралдаан өндөрлөв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


