Үйл явдал1 мин унших
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ ЭРДЭМТЭН БЭЛТГЭХ НАСНЫ ХЯЗГААР 35 БАЙСНЫГ, НАСНЫ ХЯЗГААРЛАЛТГҮЙ БОЛГОХ САНАЛ ДЭМЖИГДЛЭЭ

Өчигдрийн /2025.08.19/ Батлан хамгаалах сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар “Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын батлан хамгаалахын яам салбарын эрдэмтдээ Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн харьяа “Эрдмийн сургууль”-ийг байгуулан бэлтгэж буй бөгөөд өнөөгийн байдлаар нийт 90 гаруй докторант суралцсан байна.
“Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичиг”-т
“БХЯ-ны ШУТЗ-өөс жил бүр 5 хүртэлх офицер (35 хүртэл насны)-ын судалгааны ажлын сэдвийг нь баталж, сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд ҮБХИС-ийн докторантурт өдрийн сургалтад хамруулна” гэж насны хязгаарыг заасан нь докторын зэрэг хамгаалах хүсэлтэй боловч 35-аас дээш насны мэдлэг боловсролтой, суралцах хүсэлтэй, олон чадварлаг залуучуудад тээг болж байсан юм.
Өнөөдөр тус баримт бичигт тусгагдсан насны хязгаарлалттай заалтыг өөрчлөх саналыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар оруулж, санал дэмжигдлээ.
Монгол улсын батлан хамгаалах салбарын цэргийн болон техник, технологи зэвсэглэл, аюулгүй байдлын хөгжлийг орчин үетэй хөл нийлүүлэн алхахад Монгол эрдэмтдээ дэмжих, тэдний оюуны бүтээлийг өндрөөр үнэлэх, бүтээлээ туурвих, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийхэд ямар ч саадгүйгээр ажиллах бүх талын боломжийг олгоход Батлан хамгаалахын салбарын бодлого чиглэнэ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


