#Коммент2 мин унших
Д.Үүрийнтуяа: Хойд бүсийн иргэд хавдрын эмнэлэгтэй боллоо

Хойд бүс (Орхон, Булган, Хөвсгөл)-ийн хэмжээнд нийт 302,591 хүн ам оршин суудаг. Бүсийн хэмжээнд жилд дунджаар хавдрын 800 орчим шинэ тохиолдол, 500 орчим нас баралт бүртгэгдэж, 3,400 гаруй иргэн хяналтад байгаагаас элэг, ходоод, уушгины хорт хавдар тэргүүлж байна!
Энэ нь улсын хэмжээнд өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий. Өнөөгийн байдлаар хавдрын тусламж, үйлчилгээ Хавдар судлалын үндэсний төв дээр төвлөрч, орон нутгаас Улаанбаатар хот руу эмчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Энэхүү ачааллыг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор өнгөрсөн 4 дүгээр сард Булган аймагт зохион байгуулагдсан бүсийн чуулганаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа Эрдэнэт медикал эмнэлгийг хойд бүсийн хавдрын төв болгох санал гаргасныг Л.Оюун-Эрдэнийн ЗГ дэмжсэн билээ. Тэгвэл энэ ажил өнөөдөр бодит болж “Эрдэнэт Медикал” эмнэлгийг “Хавдрын оношилгоо эмчилгээний дэд төв”-ийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

”Эрдэнэт медикал” эмнэлэг нь 6800м2 талбай бүхий нэг төв, 7 тасаг, 5 хэсэг, 13 кабинеттай, 60 эмч, 63 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 54 эмнэлгийн бусад ажилтан, нийт 177 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хэлэхдээ,
"Шинэ ЗГ бүрдсэний дараа Хойд бүс нутгийн ард иргэдэд ялангуяа хавдарын улмаас өвдөж шаналж, өрх гэрээрээ эдийн засгийн хямралд өртөж буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, Монголдоо ганц ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, УБ руу чиглэсэн их урсгалын нэгээхэн хэсгийг зогсоох үр дүнтэй ажлыг түргэн шуурхай хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайд Г.Занданшатар болон Эрүүл мэндийн Сайд Ж.Чинбүрэн нартай уулзаж, анхаарах асуудлын талаар албан бичгээр хандаж, багагүй хугацаанд хөөцөлдсөн ажлын үр дүн гарлаа. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний санал санаачилгыг дэмжиж, шийдвэр гаргаж богино хугацаанд эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлсэн Г.Занданшатар Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газарт талархалаа илэрхийлье! Мөн энэхүү саналыг анхнаас нь дэмжиж ажилласан Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан болон Г.Ёндон ерөнхий захиралтай МУ-ын баатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчид хамт олондоо маш баярлалаа" гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

